
УИХ-ын гишүүн, “Оргил”-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Баянгол дүүргийн өндөр настнуудад хүндэтгэл үзүүлж, “Улаанбаатар палас”-ын их танхимд хөгшдийг цуглуулжээ. Энэ үеэр ахмадуудад гарын бэлэг гардуулж, олон хүн түүнийг нь авахаар урагш зүтгэх үед 83 настай Ч гэх эмээ ухаан алдан унажээ.
Урагш зүтгэсэн хүмүүс түүний дээгүүр гишгэсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Яаралтай тусламжийн машинаар түүнийг эмнэлэгт хүргэхээр явах замд хорвоог орхисон гэнэ. Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж буй аж. Албаны эх сурвалжуудаас энэ талаар тодруулахад “53 настай хүүгээ дагаж очсон 83 настай өндөр настан Ч олны хөлд дарагдаж, эмнэлэгт хүргүүлэх замдаа нас барсан хэргийг шалгаж байна” гэсэн юм.
Тэр уулзалтын үеэр тараасан гарын бэлгийн уутанд бэлэг дурсгалын зүйл, хоёр кг гурил, цагаан будаа, чихэр тус бүр нэг кг байсан гэнэ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын зохион байгуулсан дээрх арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон гэх мэдээлэл ч бий.