Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд иргэд, олон нийтээс төрийн байгууллага, албан тушаалтны хүнд сурталтай үйлчилгээ, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, сургалт сурталчилгаа явуулах зорилго бүхий “Иргэний хяналтын төв”-ийг 2018 оны нэгдүгээр сарын 25-нд Дүнжингарав худалдааны төв, Драгон, Мишээл экспо, 6 буудал дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд нээж, үйл ажиллагааг нь эхлүүлжээ.
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн улмаас төрийн үйлчилгээнд тулгарч буй хүнд суртал, чирэгдэл, иргэдэд учирч буй хүндрэл, бэрхшээлийг газар дээр нь шийдвэрлэхээс гадна зөвлөгөө мэдээлэл өгч, гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдлыг түргэн шуурхай шилжүүлэх, шийдвэрлүүлэх арга хэмжээ авах юм. Цаашид Нийслэлийн 9 дүүрэг, Хангарди ордны нэг цэг, Улаанбаатар хотын гаалийн бүрдүүлэлт, 1, 2, 3 дугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог үндэсний төв зэрэг III шатлалын эмнэлгүүд, Авто тээврийн үндэсний төвийн нэг цэгт “Иргэний хяналтын төв” байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.