
Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б.Алтантулга нас барсан хэрэг өнгөрсөн долоо хоногт болсон билээ.
ЗХЖШ-ын даргын тушаалаар тус ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг хариуцлага алдсан гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь хурандаа Л.Батболдыг томилжээ.
Түүнчлэн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь хошууч Н.Батсайханыг томилов.
Мөн нас барсан хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Одоогоор тэднийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм.
Цаашид тус ангийн зэвсэглэл техник хариуцсан орлогч, ар талын хангалт хариуцсан орлогч, батальоны захирагч нарт албан тушаалын хариуцлага тооцохоор болжээ.