
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр Зэвсэгт хүчний 336 дугаар ангид нас барсан цэргийн хэргийн талаар байр сууриа илэрхийллээ.
Уг хэрэг олон нийтэд ил болоогүй үед ХЭҮК орон нутаг дахь төлөөлөгчөөрөө дамжуулан мэдээлэл авч, цэргийн ангитай холбогдсон байна. Харин хэрэг шалгагдаж байхад ЦЕГ-аас “Гадны нөлөөгүй” гэсэн тайлбар өгсөн нь том зөрчил хэмээн үзэж байгаа аж.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Бид шалгалтаа урьдчилж мэдэгдэлгүй, гэнэтийн байдлаар хийдэг. Орон нутагт ажиллахдаа цэргийн ангиудад заавал хяналт шалгалт хийдэг. Цэргүүдээс санал асуулга авч, ганцаарчилсан ярилцлага хийдэг. Хорих ангид ч ялгаагүй. Шалгалт, зөвлөмж маш үр дүнтэй байгаа гэж бид хэлнэ. Хүнийг дэглэж, яргалдаг маш цөөхөн тохиолдол л гарсан. Нийтлэг хэмжээндээ бол арилсан” хэмээн тайлбарлаад мөрдөн байцаах үйл ажиллагаа шударга явагдах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Мөн “Хүний амь настай холбоотой хэргүүдийг хэрхэн шийдэхийг ХЭҮК анхааралтай ажиглаж байна. Асуудал шалгагдаж байгаа нөхцөлд цагдаа ч бай, хэн ч бай өөр өөрийн байр сууринаас тайлбарлаж болохгүй” гэлээ.