
Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц өнөөдөр арвандолдугаар жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн сар шинийн өнгө ямар байх талаар ярилаа. Ингээд их хамба ламын ярьсан зүйлээс түүвэрлэн хүргэж байна.
- “Урвуулагч шороон гахай жил"-ийн ёгт нэрийг урвах гэдэг утгаараа ойлгож болохгүй. Бид муу зүйлийг сайнд урвуулж болох талтай. Монгол түмэн муу бүхнээ сайн сайханд урвуулж, муу зүйлээ хаяж, гээвэл амьдрал маань цэгцтэй сайхан болно.
- Цагаан сарын баярыг монголчууд олон зууны турш тэмдэглэж ирсэн түүхтэй. Уламжлалт зан заншилтай, өв соёлтой, тусгаар тогтносон Азийн цээжинд ийм сайхан улс байдгийг илтгэдэг баяр юм.
- Шим ертөнц буюу хүн талаасаа авч үзвэл, ахмадуудад нэлээд ээлтэй жил болох нь ээ. Харин залууст дунд буюу сайн тал руугаа, нялхаст тааруухан гэж гарч байгаа.
- Цаг агаарын хувьд ус, хур элбэгтэй гэх боловч мөндөрөөс болгоомжил гэсэн байгаа. Тиймээс малчин, тариаланч ард иргэд анхаарч байх нь зүйтэй.
- Засаг төрийн хувьд хямралтай гэсэн байна. Тэгэхээр хямрал гэдэг нь эв зохицол алдах тал руугаа юм. Улс орондоо хямрал авчрахгүйн төлөө сэтгэл зүрхэндээ бодоод болгохгүйн төлөө зүтгэх хэрэгтэй. Монгол түмэн хууль дүрмээ сайн баримталж, нийгэмд бужигнаан үүсэхгүй байх шинжтэй.
- Жаахан нас тогтоод, хийморь сүлд муу байгаа үедээ заавал засал номоо хийлгэвэл зохистой. Тийм учраас тухайн жилийн заслыг монголчууд шинэ жил дөнгөж гаргаад 15 хоногийн дотор хийлгэдэг. Уг нь жилийн аль ч цаг хугацаанд хийлгэж болох юм. Заавал шинийн 15-ны өдрийн дотор хийлгэж сэтгэлдээ дархлаа суулгаж байгаа нь буруу биш.
- Энэ жилд амар мэнд орсон, эрүүл энх сайхан байсан, амьдрал дэвшсэн сайхан жил болсноо сар шинийн баяраар халуун бүлээрээ тэмдэглэдэг. Тиймээс бүтэн нэг жилийн турш эрүүл энх, жаргалтай сайхан амьдарснаа уламжлалт баяраараа тэмдэглэдэг.
- Нэг л их соёлжсон хүн болох гэснээс Монгол уламжлалаа үгүйсгэх тохиолдол гарч байна. Монголчууд гуравхан саяулаа мөртлөө тэгж сүржигнэж хувьсгалжих хэрэггүй болов уу.