
Улсын хэмжээнд гарч халаасны хулгайн гэмт хэрэг нь ихэнхдээ гар утасны хулгай байдаг. Хулгайд алдагдсан гар утсыг олоход бэрхшээлтэй бөгөөд манай цагдаагийн байгууллага ихэнх тохиолдолд гэмт хэрэгтнийг илрүүлж чаддаггүй.
Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний дата төв болон үүрэн телефон оператор компаниуд хамтран www.smartdevice.mn вэб хуудсыг ашиглалтад оруулаад байна. Дээрх сайтад та ухаалаг утасныхаа IMEI кодыг бүртгүүлснээр алдсан гар утас, зөөврийн компьютер зэрэг ухаалаг төхөөрөмжөө богино хугацаанд олох боломжтой ажээ.
Утсаа алдсан тохиолдолд хэрэглэгч бүртгэлтэй утсаа “алдагдсан” төлөвт оруулахад тухайн утсанд ямар сим карт хийгдсэн талаарх мэдээллийг үүрэн телефоны дөрвөн операторын аль нэг рүү нь мэдээлэл ирэх аж. Ингэснээр Цагдаагийн байгууллагынхан хэрэглэгчийн утсыг түргэн шуурхай олж өгөх бүрэн боломжтой юм. Хамгийн гол нь иргэд тус сайтад бүртгэлээ идэвхтэй хийх хэрэгтэй ажээ.