
Зууны манлай дуурийн дуучин, Төрийн шагналт, Ардын жүжигчин Хорлоогийн Уртнасан хоёрдугаар сарын 2-ны өдөр таалал төгслөө. Тэрбээр 20 дугаар зууны Монголын сонгодог урлагийг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Х.Уртнасан нь 1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1959-1963 онд УАДБЧ-ын дэргэдэх гоцлол дуучны анги, 1970-1972 онд Болгарын Софи хотын Хөгжмийн дээд сургүулийг дуулаачийн мэргэжлээр суралцаж төгссөн. 1963 онд УАДБЧ-д зарлагч, 1964 онд дуучин, 1968-1970 онд ЦДБЭЧ-д дуучин, 1972-1995 онд УАДБЧ-т гоцлол дуучнаар ажиллажээ. 1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд, оюутны XX их наадмын тэргүүн байр эзэлсэн. Москва хотын Их Театр, Кремлийн их хурлын ордон, Кишинев, Ташкент, Душанбе, Алма-Ата хотын дуурийн театр, Болгарын Софи хотын “Ардын театр”, Пелевен, Варна, Стара Загора хотын дуурь бүжгийн театруудад уригдан тоглосон. Тэрээр дэлхийн сонгодог дууриудын тунгалаг хоолойгоор дуулаачдад зориулсан дүрүүдэд тоглож, өөрийн орны хөгжмийн зохиолчдын нийтийн дууны урлаг болон мэргэжлийн дууны бие даасан төрөл зүйлийг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн юм.
Түүний бүтээсэн дүрүүд:
- Дж.Пуччини “Чио чио сан” Чио Чио Сан
- Б.Дамдинсүрэн “Амарсанаа” Гэрэлгуа
- А.Бородин “Игорь ван” Ярославна
- Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” Нансалмаа
- Дж.Верди “Травиата” Виолеттад
- П.И.Чайковский “Евгений Онегин” Татьяна
- Дж.Пуччини “Тоска” Тоска
- А.Даргомыжский “Лусын дагина” Наташа
- П.И.Чайковский “Иоланта” Иолантад
- Дж.Верди “Отелло” Дездемона
- Дж.Пуччини “Турандот” Турандот зэрэг 20 гаруй дуурийн гол дүрүүдийг бүтээжээ.