
Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Ойд зориулан Гадаад харилцааны яам, ХБНГУ-ын Элчин сайдын яам хамтран хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулжээ.
Хүлээн авалтад төр, засгийн төлөөлөгчид, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүн нар, Монгол-Германы бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгуулагуудын төлөөлөл бүхий 180 гаруй зочид оролцов.
Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа энэ хугацаанд амжилттай хөгжиж, иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүрсэнд хоёр тал сэтгэл хангалуун байж, энэхүү ололтыг бататган, харилцаа, хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.
Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг жилийн турш хоёр оронд харилцан тэмдэглэн өнгөрүүлэх аж.