Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ “ICT Expo-2023”-ыг Үндэсний соёл, амралтын хүрээлэнд энэ сарын 9-11-нд зохион байгуулна. Тус арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Мэдээлэл, технологийн үндэсний парк, дэмжигчээр ЦХХХЯ, БШУЯ ажиллах юм. Мөн үндэсний 150 гаруй компани, олон улсын 10 гаруй байгууллага оролцохоор болжээ.
16 дахь удаагийн үйл ажиллагааг 18 дэд хэсэгтэйгээр зохион байгуулахаар төлөвлөсөн аж. Экспог цар тахалтай холбоотойгоор сүүлийн жилүүдэд цомхон зохион байгуулсан. 2021 оноос хойш хоёр жилд нэг удаа хийхээр шийдвэрлэсэн аж. ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батцэцэг “Монгол Улс дараагийн арван жилд уул уурхайд суурилсан эдийн засгаа оюун санаанд түшиглэн хөгжүүлж, солонгоруулах нэн шаардлагатай. Тиймээс энэ үйл ажиллагааг “Mindgolia” уриан явуулахаар болсон” хэмээн ярилаа. Энэ жилийн экспо байгальд ээлтэйгээрээ онцлог бөгөөд тараах материал, хэвлэмэл сурталчилгааг дижитал самбар, мини аппликэйшн, QR код зэрэг технологиор шийдвэрлэж, цаасгүй экспо зохион байгуулах юм. Мөн 170 гаруй компани оюутан залууст зориулан нээлттэй ажлын байр зарлах аж. Мэдээлэл, харилцаа холбоо хурдтай хөгжиж буй энэ эринд хүн болгон технологийн шинэ дэвшлийг ашиглан өдөр тутмын олон механик үйлдлээ хялбарчлах болсон.Тус экспо нь харилцаа холбоо, мэдээлэл технологийг олон нийтэд илүү ойртуулах, салбарын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг танилцуулах, гарааны бизнес эрхлэгчид дэвшилт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчилж, хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоох зэрэг олон боломжийг бүрдүүлэх юм.
Бэлтгэсэн: Д.Түвшин