Орчлон ертөнцийн өндөр энергийн үзэгдлүүд болон гамма цацрагийн тэсрэлтийг судлах зорилгоор 22 жилийн өмнө “Делта II” хөөргөх төхөөрөмжийн тусламжтайгаар сансарт илгээсэн, тусгай ажиглалтын төв болсон аппаратаа НАСА бүрэн унтраах горимд шилжүүлсэн нь ашиглах боломжгүй болсонтой холбоотой гэдгийг албан ёсоор зарлалаа.
БАЯРТАЙ “СВИФТ”
Хамгийн сүүлчийн ажиглалтаа өнгөрсөн сарын 20-нд хийсэн “Neil gehrels swift observatory” буюу “Свифт”-ийн тойрог зам буурсантай холбоотойгоор үндсэн гурван дурангийн үйл ажиллагаанд саад учирч эхэлснээр аюулгүй горимд оруулжээ.
Тодруулга
Задгай сансарт үүрэг гүйцэтгэгч “Свифт” ажиглалтын төв нь орчлон ертөнцийн хамгийн хүчтэй дэлбэрэлт болох гамма цацрагийн тэсрэлтийг судлах зориулалттай, гол (BAT) болон рентген, хэт ягаан туяаны оптик дуран гэсэн үндсэн хэсэгтэй. АНУ, Британи, Итали улс хамтран 2004 оны арваннэгдүгээр сарын 20-нд хөөргөсөн. Хиймэл дагуулын чиглэл болон хурдан эргэлтийг гиродинууд хянадаг. Гиродин нь сансрын хөлөг, хиймэл дагуул болон сансрын станцын орон зайн байрлалыг өндөр нарийвчлалтайгаар удирдах, тогтворжуулах зориулалттай төхөөрөмж. Нарны эрчим хүчээр ажиллаж, сансрын хөлгийг тийрэлтэт хөдөлгүүр ашиглахгүйгээр зөвхөн дотоод эргэлтийн хүчээр нь дурын зүг рүү эргүүлэх үүрэгтэй. Олон улсын сансрын станц, “Хаббл”, “Жеймс Вэбб” зэрэг дуранг нэг цэг рүү тогтвортой харуулахад гиродин гол үүрэг гүйцэтгэдэг.
Тойрог зам нь явцын дунд аажмаар 370 км болж буурсан ч “Свифт” дахин хэдэн жилийн турш ажрахгүй ажиллах төлөвтэй байсан. Гэвч нарны идэвхжлээс шалтгаалан нэмэгдсэн дээд агаар мандлын нягтрал аппаратыг доош “чангаах” үйл явцыг хурдасгасан учраас НАСА 2025 оноос шат дараалсан аврах ажиллагаа явуулжээ. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард эрчим хүчний хэрэглээг нь бууруулж, сансрын хөлгийн ажиллах горимыг өөрчлөхийн тулд BAT дуранг унтрааж, нарны хавтангуудын ачааллыг хөнгөлснөөр тойрог замд илүү урт хугацаанд байлгахаар оролдсон. Дараа нь долоодугаар сард “Katalyst space” компанийн сансрын чирэгч хөлгийг “Pegasus XL” пуужингаар хөөргөсөн. Зорилго нь робот гар ашиглан “Свифт”-ийг өргөж, байршлын өндрийг нь тодорхой хэмжээнд дээшлүүлж, дэлхийн тойрог замд шилжүүлэх байсан ч даалгавар бүтэлгүйтсэн аж. Учир нь чиглэлийн хяналтын системд асуудал үүсжээ. Өнгөрсөн сарын 20-нд “Свифт” дэлхийн агаар мандлаас 275 км өндөрт хүрсэн учраас сансрын даалгавар биелүүлэх боломжгүй болж зогссон байна. 22 жил сансарт ажиллаж, үйл ажиллагаа нь дууссан “цэрэг” энэ оны эцэс гэхэд дэлхийн агаар мандалд орж, шатах төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцлов.
“Свифт”-ийг анх хөөргөхдөө ердөө хоёр жил ажиллана гэж тооцоолсон ч 20 жил илүү “насалж”, сансарт болсон гайхалтай үйл явдлуудыг судлах, танин мэдэхэд онцгой үүрэг гүйцэтгэснийг НАСА тэмдэглэжээ. Төслийн багийнхан “Гурван улсын хамтарсан төслийн хүрээнд хөөргөсөн “Свифт”-ийн үндсэн даалгавар бол гамма цацрагийн тэсрэлтийг илрүүлэх, ялангуяа асар том оддын үхэл, эрчимтэй цацраг хэрхэн ялгардгийг ажиглах. Манай “баатар” хар нүх, идэвхтэй галактик, сүүлт од, астероидын түрлэгийн хүчээр тасалдсан супернова (Supernova. Том одод мөхөхийнхөө өмнө асар хүчтэй гэрэлтээд, дэлбэрч, сүйрэх явц)-г ажигласан зэргээр өнгөрсөн хугацаанд гамма цацрагийн 2000 гаруй тэсрэлт илрүүлсэн. 1400 гаруй суперноваг судлах баримт цуглуулсан байна. Энэ төхөөрөмжийн гол давуу тал нь гамма цацрагийн тэсрэлтийг бие даан илрүүлж, байрлалыг нь тодорхойлоод ганц хормын дотор дурангаа хүссэн зүгт эргүүлж, цахилгаан соронзон нөлөөллийн бусад зурваст ажиглалтаа эхлүүлж чаддаг байв. Түүний дамжуулсан өгөгдлүүд гамма цацрагийн тэсрэлтийн гарал үүсэл, оддын үхэл, нейтрон одод нэгдэх үед өрнөдөг үйл явцыг илүү сайн ойлгоход тусалсан. “Свифт” ажлаа дуусгасан боловч түүний архив нь сансар судлалд чухал эх сурвалж байх болно” хэмээжээ.

“ТЭД БИДНИЙГ САНСАРТ ХҮРГЭСЭН”
Ташрамд өгүүлэхэд, “Свифт”-ийг үүрд үдсэнтэй адил, мөн сансрын “элч” нартайгаа холбоо тасарсны улмаас үйл ажиллагааг нь зогсоосон тохиолдол НАСА-гийн түүхэнд цөөнгүй (жижиг хиймэл дагуулуудыг эс тооцсон) бий. Дэлхийн тойрог зам болон нарны аймгийн бусад гаргийн гадаргууд үүрэг гүйцэтгэж байсан сансрын станц, төхөөрөмжүүдтэй холбоо тасрах, хөтөлбөрийг бүр мөсөн зогсоох шалтгаан нь ихэвчлэн программ хангамж, техникийн гэмтэл, осолтой холбоотой аж. Энэ талаар товчлон хүргэе.
•Нарны аймгийн хоёр дахь, хөрст гараг Сугарыг судлах зорилгоор 1962 онд хөөргөсөн “Маринер 1” гараанаас гараад ердөө таван минутын дараа чиглэлээ алдсан учраас зориуд дэлбэлж устгажээ.
Компьютерын кодын алдаанаас үүдэлтэй эл “ослын” дараа 1964 онд “Маринер 3”-ыг Улаан нүдэн рүү илгээв. Ангарагийн талаарх мэдээлэл дамжуулах зорилготой, нисэгчгүй, гараг хоорондын сансрын станц хөөрснөөсөө хойш найман цаг 43 минутын дараа жагсаалаас гарсан. Хөөрөх үед хамгаалалтын бүрхүүл нь салж чадаагүйн улмаас нарны хавтангуудаа байрлуулж ажиллуулж чадаагүй. Үүнээс болж цахилгаан нь тасарч, сураггүй болж, сансарт үүрд үлдсэн “амьгүй далайчин” өдгөө ч гелиоцентрик буюу нарны тойрог замд даялж буй. Ташрамд сонирхуулахад, НАСА үүний дараа удалгүй “Маринер 4” станцыг Ангараг руу илгээсэн нь өмнөх “цэргийн” үүргийг давхар гүйцэтгүүлэх зорилготой байсан нь амжилттай болов.
•“Mars оbserver” буюу Ангарагийг ажиглагч хэмээн нэрлэсэн сансрын станцыг Улаан нүдэнгийн геологийн тогтоц, уур амьсгал, соронзон орныг судлах зорилгоор 1992 оны есдүгээр сард “Титан 3” пуужингаар тээвэрлэн хөөргөсөн. Зорьсон гаргийнхаа тойрог замд орохоос гурав хоногийн өмнө хөлөг гэнэт холбоо тасарчээ. 1993 оны наймдугаар сараас хойш огт сураггүй байгаа “цэрэг” яасан талаар судлаачид хэд хэдэн таамаг дэвшүүлсэн байдаг. Хамгийн магадлалтай нь “Маневр хийхээсээ өмнө түлш болон исэлдүүлэгчийг хугацаанаас нь эрт хольсноос болж түлшний систем нь эвдэрсэн” гэх таамаглал. Үүнтэй төстэй өөр нэг осол бол “Mars рolar lander”-ынх. 1999 оны сүүлийн сард Ангараг гаргийн өмнөд туйлын гадаргууд буух явцдаа сураг тасарсан бөгөөд хугацаанаасаа өмнө хөдөлгүүр нь унтарч, унаж сүйрсэн гэж үздэг.
•1999 оны есдүгээр сард “Mars сlimate оrbiter” станцыг хөөргөөд удалгүй бүтэлгүйтсэн нь инженерүүдийн тооцоолол зөрснөөс үүдэлтэй. Сансар судлал, тэр дундаа НАСА-гийн түүхэнд хамгийн сургамжтай явдал энэ бөгөөд инженерүүдийн ашигласан хэмжих нэгжийн зөрүүгээс болжээ. Тодруулбал, нэг дэх багийнхан Ньютоны метрийн системээр, нөгөөх хэсэг нь англи систем буюу фунтээр тооцоолол хийснээс болж сансрын хөлөг Ангарагийн агаар мандалд ороод шатаж сүйрчээ.
•Тэгвэл НАСА-гийн MAVEN (Mars аtmosphere and volatile еolution) тандагч хөлөг 2025 оны арванхоёрдугаар сард сураг тасарсан. Ангараг гаргийн агаар мандлыг судлах үйлсэд 10 гаруй жил зүтгэсэн “цэрэг” Улаан нүдэнгийн араар орж “нуугдаад” дахин гарч ирээгүй буюу бүрмөсөн холбоо тасарсан аж. Тодруулбал, 2013 оны арваннэгдүгээр сарын 18-нд дэлхийгээс гарсан хөлөг 10 сар орчмын дараа Ангарагийн тойрог замд орж, 11 жил гаруйн хугацаанд үүргээ гүйцэтгэсэн хөлөг гаргийн арын хэсгээр тойрон гарах ээлжит нислэгийнхээ үеэр холбоогүй болсон ч НАСА өнгөрсөн хугацаанд горьдлого тээсээр байв. Гэвч найдлага нь тасарсан гэдгийг саяхан хүлээн зөвшөөрч энэ оны зургаадугаар сард “MAVEN байхгүй болсон” гэж албан ёсоор зарласан билээ. НАСА-гийн тусгай шалгах комиссын дүгнэлтээр хөлгийн дотоод системийн компьютерт гэмтэл, техникийн саатал гарснаас болж холбоо тасарсан гэв.
•“Opportunity” бол 2003 онд Ангараг руу хөөргөсөн сансрын станц. Таван сарын дараа 2004 оны нэгдүгээр сард зорьсон газартаа хүрч, Улаан нүдэнгийн сөнөсөн галт уул Иглийн Меридиан өндөрлөгт буусан уг станцыг дэлхийнхээр 92.5 буюу тус гаргийнхаар 90 хоног ажиллуулахаар тооцоолсон ч 15 жилийн турш үүргээ биелүүлсэн. Цааш ажиллах боломж байсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байсан ч 2019 оны хоёрдугаар сарын 13-нд НАСА “Биднийг Ангараг руу хөтөлсөн “Opportunity”-гээс үүрд саллаа” хэмээн албан ёсоор мэдээлжээ. Ангараг дээр дэгдсэн тоосонцрын шуурганд өртсөний улмаас дэлхийгээс холбоо тасарч, найман сар гаруй сураггүй байсан учраас НАСА сүүлчийн удаа дохио дамжуулжээ. Энэ нь холбоо барих 1000 дахь оролдлого байсан бөгөөд “Opportunity” урьдын адил дохио илгээгээгүй. Гаргийг нөмөрсөн шуурга намжиж, орчин тойрныг нь харах боломжтой болох үед “Opportunity”-г харсан ч удирдлагын төвөөс илгээсэн дохионд хариулахгүй хэвээр байжээ. Гэхдээ Ангараг дээр арваннэгдүгээр сард хүчтэй шуургатай байдаг учраас станцын эд ангид тоос, тоосонцроос салаад холбоо барих боломж бүрдэнэ хэмээн мэргэжилтнүүд дахин найдвар тавьсан ч талаар болов. Шуургатай, бүрхэг өдрүүдэд нарнаас цахилгаан хуримтлуулж чадалгүй тэжээлийн залгуур салж, холбоо тогтоох боломж тасарсан гэж эцэст нь таамаглажээ. Улаан нүдэнгийн өвөл хахир, шөнөдөө хасах 105 градус хүрдэг. Тийм нөхцөлд нарнаас тэжээл аваад дахин “амилах” ямар ч боломжгүйг хүлээн зөвшөөрсөн НАСА “Opportunity”-г хүндэтгэлтэйгээр үдсэн юм. Сураг тасрахынхаа өмнө хамгийн сүүлчийн удаа “Энд харанхуй нөмөрлөө. Цэнэг минь ч дууслаа” гэж дэлхий рүү захиа илгээсэн “Opportunity буюу “Боломж” Ангарагийн гадаргуу дээр 5148 хоног ажиллахдаа 45 160 метр зам туулж, 217 000 гаруй гэрэл зураг илгээжээ. Түүний мэдээлэл эл салбарын судлалд үсрэлт авчирсан гэдэг. Одоогоор түүн шиг урт хугацаанд Ангараг дээр ажилласан “цэрэг” үгүй.
•Тэгвэл “Opportunity”-гийн өмнө илгээсэн “Spirit” станц бол Ангарагт хүрсэн анхны хөлөг. Мөн л холбоо тасарсан. 2004 оны нэгдүгээр сарын 4-нд буюу “Opportunity”-гээс өмнө Улаан нүдэнд хүрсэн тус станцыг гурван сар ашиглах тооцоолол байсан ч долоон жил ажрахгүй ажилласан. Аяллынхаа хугацаанд 7.73 км зам туулж, Ангарагт ус байсан нотолгоо олсноос гадна тус гараг дээр солир унахыг анх удаа гэрчилсэн гайхалтай төхөөрөмж. 2010 оны тавдугаар сард “Spirit” элсэнд шигдэн, дугуй нь гацсанаар холбоо тасарчээ.
•Ангараг дээр үүрд “нойрссон” өөр нэг хөлөг “InSight” бол гаргийн газар хөдлөлтийг судалдаг суурин станц байв. 2018 онд томилогдож, 2022 оны сүүлээр эрчим хүчний дутагдлаас холбоогүй болсон. Нарны хавтангууд нь тоос, тоосонцорт баригдсан нь ийм байдалд хүргэжээ.
•1997-2017 онд Санчир гараг болон дагуулуудыг нь нэгжсэн “Cassini”-г мэргэжилтнүүд “агуу станц” хэмээн тодотгожээ. Шатахуун нь дуусах дөхөхөд тус гаргийн агаар мандалд шатааж устгасан.
•Чурюмов-Герасименко сүүлт од хэмээдэг “Rosetta” ба “Philae” бол сүүлт одны гадаргуу дээр анх буусан робот бөгөөд нарнаас хангалттай цэнэг авч чадалгүй “нойрссон” байна.
ЭРГЭН ХОЛБОГДСОН НЬ
Түүнчлэн дэлхийтэй холбоогүй болоод хэсэг хугацааны дараа эргэн “уулзсан” хэд хэдэн тохиолдол байдаг. НАСА-гийн инженерүүдийн ур ухаан, аврах ажиллагааны ачаар холбоогоо сэргээн тогтоосон хамгийн алдартай “цэрэг”-ийг “Вояжер-1” гэдэг. Дэлхийгээс хамгийн хол од хоорондын орон зайд хүрсэн, анхны автомат сансрын станц гэдгээрээ түүхэнд шинэ хуудас нэмсэн тус төхөөрөмж техникийн саатлаас болж 48 цагийн турш таг чиг болсон ч НАСА радио дамжуулагчийг нь алсын зайнаас идэвхжүүлжээ. Нарны аймгийн Бархасбадь, Санчир гараг болон дагуулуудыг нь судлах зорилгоор 1977 оны есдүгээр сарын 5-нд хөөргөсөн “Вояжер-1” үндсэн даалгавраа биелүүлснийхээ дараа сансар, огторгуйн уудам дахь аяллаа эхлүүлсэн. Хүн төрөлхтний элч болон тэнгэрт илгээгдээд 35 жилийн турш шинжлэх ухаанд үнэлж баршгүй нээлтүүд хийгээд, 2012 оны наймдугаар сард гелиосфер буюу нарны аймгийн хилийг даван оджээ. Гелиосфер гэдэг нь нарны салхи болон соронзон орны нөлөөгөөр тогтсон зааг юм. Тэгэхээр дэлхийн элч хөлөг од хоорондын орон зай (interstellar space)-д орж, өнөөдөр ч үүргээ биелүүлсээр гүн сансрын орчин, цацраг туяаны талаарх мэдээллийг удирдлагын төвдөө дамжуулсаар буй. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор “Вояжер-1” өдгөө дэлхийгээс нэг гэрлийн жил орчим, өөрөөр хэлбэл, ойролцоогоор 24 тэрбум гаруй км-ийн алсад байгаа бөгөөд түүний дамжуулсан аливаа дохио дэлхийд хүртлээ 22 цаг зарцуулдаг аж. Цаг хугацааны эрхээр эрчим хүч нь суларч байгаа “цэрэгтэй” аль болох урт хугацаанд холбоотой байхын тулд зарим багаж төхөөрөмжийг үе шаттайгаар унтрааж, ашиглалтыг уртасгадаг юм байна. Энэ хөлгийг яагаад хүн төрөлхтний элч гэж онцолдог вэ гэхээр, дэлхий дээрх соёл иргэншлийг илэрхийлэх дуу чимээ, олон орны хэл соёлыг гэрчлэх яриа зэрэг төрөл бүрийн баримт бүхий “Алтан пянз” тээж буй. Ийм нэгэн онцгой элч цаашид хэр хугацаанд оршин байх талаар судлаачид “2030 он гэхэд хөлгийн эрчим хүч бүрмөсөн дуусаж, төхөөрөмжүүд нь ажиллах боломжгүй болно. Гэхдээ ашиглах боломжгүй ч гэсэн ямар нэгэн биеттэй мөргөлдчихгүй бол Сүүн зам галактикийн төвийг тойрон мөнхийн аяллаа үргэлжлүүлсээр байна. Хэзээ нэгэн цагт харь иргэншлийнхний дуранд өртвөл хүн төрөлхтний тухай мэдээллээ хүргэх болно” гэжээ.
•Японы сансрын агентлаг 2024 оны нэгдүгээр сард SLIM төхөөрөмжөө саран дээр буулгасан. Гэхдээ төхөөрөмж уруу харж бууснаас шалтгаалан нарны зай хураагуур нь үүргээ гүйцэтгэх боломжгүй болсноор дэлхийтэй холбоо тасарчээ. Тус төслийн багийнхан батарейг нь бүрэн дуусахаас өмнө унтрааснаар хөлөг дахин “амилах” боломж бүрдсэн. Тодруулбал, хэд хоногийн дараа нарны тусгалын өнцөг өөрчлөгдөж, зай хураагуур дээр туссанаар SLIM хангалттай “хооллоод” удирдлагын төвтэйгээ холбогдсон юм.
Дэлхийн гадна холбоо нь тасардаг нэг сонирхолтой жишээ байна. Энэ нь саран авхайтай холбоотой. Сарны нэг тал дэлхийд “нүүрээ харуулдаггүй”. Үүнийг сарны сүүдэр тал гэдэг бөгөөд тэнд байх хугацаанд аливаа төхөөрөмж, хөлөг ямар ч холбоогүй болдог. Тэр үеийг “төлөвлөгөөт холбоо тасрах хугацаа” гэдэг аж. Тэгвэл 1969 онд “Аполло 11” хөлгийн нисэгч М.Коллинз тэрхүү нөхцөл байдалд орж, 48 минут ямар ч холбоогүй болсон нь анхны тохиолдол.
Хамгийн сүүлийн жишээ нь “Артемис II” хөлөг. Энэ оны дөрөвдүгээр сард сарны “сүүдэр”-ийг тойрон нисэх үеэр мөн л 40 минут хэртэй эх дэлхийгээс холбоо тасарчээ. Тэндээс гараад холбоо нь хэвийн болсон явдал. “Артемис II” бол НАСА-гийн хэрэгжүүлж буй, 50 гаруй жилийн түүхтэй төслийн хүрээнд хөөргөсөн сансрын нисэгчтэй хөлөг юм. Сарыг бүтэн тойрсон анхны нислэг.
Тэгвэл сарны цаад талд сансрын хөлгөө анх удаа буулгаж, дээж авсан гайхамшигт түүхийг бичсэн улс бол Хятад. 2019-2024 онд “Чанъэ-4” хөлөг нь сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээсэн байдаг.
Э.Хана