Өвлийн улирал гэхээр л зузаан ноосон цамц, урт түрийтэй гутал, малгай, ороолт зэрэг нэгэн хэвийн зураглал санаанд тань буудаг уу. Хасах 30-40 хэм хүрч хүйтэрдэг манай оронд дулаан, тав тухтай байдлыг нэн тэргүүнд тавихаас өөр аргагүй. Гэхдээ дулаан хувцаслана гэдэг загварлаг байдлаас татгалзахын нэр биш юм.
Өнөө цагт залуус дулаан явах хэрэгцээгээ загварын чиг хандлагатайгаа төгс хослуулан хувцаслах болсон. Тэд хувцасны өнгө, эсгүүрээс гадна гоёл чимэглэл, жижиг хэрэглэлээр дамжуулан өөрийн хэв маягийг илэрхийлэхэд анхаарч байна. 2026-2027 оны намар, өвлийн загварын тайзнаа ч гоёл чимэглэл энгийн нэг дагалдах хэрэгслийн үүргээс давж, гол дүр болсон нь тод харагдана. Энгэрийн том зүүлт, урт бээлий, содон хийцтэй малгайнаас эхлээд олон давхар сувдан зүүлт, үслэг цүнх хүртэл өнөө жилийн тренд аж. Ингээд энэ өвлийн хувцаслалтад тань өнгө нэмэх зарим сонирхолтой шийдлийг санал болгож байна.
ЭНГЭРИЙН ЗҮҮЛТ ЭРГЭН ИРЭВ
Хэдхэн жилийн өмнө зөвхөн классик загвартай хослуулдаг, ахмад үеийнхний хэрэглээ мэт санагддаг байсан энгэрийн зүүлт энэ улирлын тренд болж байна. Гэхдээ энэ удаа жижиг, даруухан бус, харин олны анхаарлыг шууд татахуйц том хэмжээтэй, содон хийцтэй энгэрийн зүүлтүүд зонхилж буй.
“Dior”, “Chanel”, “Loro рiana”, “Khaite” зэрэг брэндийн 2026 оны намар, өвлийн цуглуулгад цэцгэн дүрстэй энгэрийн зүүлт голлох байр суурь эзэлжээ. Зарим нь дэлбээлж буй цэцэг мэт том, тансаг хийцтэй бол нөгөө хэсэг нь металл, өнгөт чулуу хослуулсан уран баримал шиг харагдана. “Sergio hudson” ч мөн цэцгэн хэлбэртэй том зүүлтийг хувцаслалтынхаа гол чимгээр сонгов. Энэ төрлийн гоёлыг заавал үнэт чулуу, алт, мөнгөөр хийх албагүй. Хуучны мөнгөн зүүлт, арьсан болон цэцгэн чимэглэл ч энгийн пальто, жакетыг өвөрмөц харагдуулж чадна. Тиймээс мартагдсан энгэрийн зүүлтээ гаргаж, өвлийн шинэ дүр төрх бүрдүүлээрэй.
НООЛУУР, МӨНГӨН ЭДЛЭЛЭЭР МОНГОЛ ТӨРХӨӨ БҮРДҮҮЛЭХ НЬ
Дэлхийн загварын тайзнаа байгалийн гаралтай материал, үндэсний хэв шинжийг орчин үеийн загвартай хослуулах хандлага эрчээ авч байна. Өдөр тутмын хувцаслалтад өвөрмөц хийцтэй, чанартай ноолууран сул цамц, том цэцгэн хээтэй кардиганыг өргөн өмд, эсвэл торгомсог юбкатай хослуулах нь сонирхолтой сонголт болно. Тухайлбал, том цэцгэн хээтэй кардиган, эсвэл гүн цэнхэр өнгийн минимал загварын хантаазыг классик цагаан өмдтэй хослуулах нь оффисын болон өдөр тутмын хэв маягт төгс зохицно.
Чимэглэлийн хувьд мөнгөн эдлэл, шүр, оюу, сувдан уламжлалт хийцүүд энэ улирлын содон аксессуартай төгс хослох аж. Хэт нүсэр бус, минимал мөнгөн гоёлоор чимэглэхэд энгийн ноолууран хувцас ч үндэсний бөгөөд тансаг өнгө төрхтэй харагдана. Өөрөөр хэлбэл, заавал үндэсний хувцас өмсөх шаардлагагүй. Жижигхэн деталь нэмэх төдийд монгол хэв маягаа шингээж, өвлийн хувцаслалтаараа өвөрмөц төрх бүрдүүлэх боломжтой.
ОРООЛТ ЗӨВХӨН ДУЛААЦУУЛАХ ҮҮРЭГТЭЙ ГЭЖ ҮҮ
Дэлхийн загварын чиг хандлагыг манай эрс тэс уур амьсгалд тохируулан буулгахад материал, хийц, зориулалтыг хамтад нь бодолцох хэрэгтэй. Юуны өмнө бүхэлдээ хүнд үс, арьсаар хийсэн гадуур хувцас сонгох шаардлагагүй. Харин биеийг бүрэн дулаацуулах урт, усны хамгаалалттай, чанартай дүүргэгч бүхий шулуун загварын гадуур хувцас энэ өвлийн тренд аж. Цайвар шаргал өнгийн урт гадуур хувцсыг дулаан ноолууран хослол, бор өнгийн богино түрийтэй гуталтай хослуулснаар цасан дундуур ч загварлаг алхах боломж бүрдүүлнэ. Мөн “Говь”, “Гоёо”, “Эвсэг”, “Нэгүүн” зэрэг дотоодын брэндийн 100 хувийн ноолууран болон тэмээний ноосон зузаан ороолт, малгай манай өвлийн нөхцөлд илүү тохиромжтой.
Түүнчлэн энэ өвлийн трендэд тод өнгийн судалтай ноолууран ороолтууд хүч түрэн гарч ирж байна. Тухайлбал, цайвар цэнхэр, бор, шар өнгийн зоримог зохицол бүхий урт ороолтыг хүзүүндээ нямбай ороож, эсвэл цээжээ дагуулан унжуулах нь энгийн пальто, куртканд тэс өөр өнгө төрх нэмдэг. Мөн дулаан чихэвч, малгайг хослуулсан загварууд хахир өвлийг өхөөрдөм бөгөөд загварлаг давах шилдэг сонголт аж. Ороолтыг өмнөх шиг зөвхөн хүзүүндээ зүүхгүйгээр цүнхнийхээ бариулд зангидах, эсвэл нөмрөг мэт ашиглаж болох нь. Арьсан, илгэн материалтай гурвалжин ороолт, сэмэрсэн эмжээртэй загварууд ч энэ өвөл моодонд ороод байна.
УРТ БЭЭЛИЙ, ӨВӨРМӨЦ ЦҮНХНИЙ ЭРИН
“Zimmermann”, “Boss”, “Mugler”, “Max mara” зэрэг брэнд намар, өвлийн цуглуулгадаа тохой давсан урт бээлийг онцолсон байна. Арьсан болон илгэн материалтай, хар, саарал, хүрэн, чидун ногоон өнгийн бээлийг зөвхөн даашинзтай хослуулах бус, пальто, ноосон цамц, урт ханцуйтай хувцасны гадуур өмсөхөд чамин төрх бүрдүүлнэ.
Цүнхний хувьд том хэмжээтэй, зөөлөн хэлбэртэй, задгай амсартай загварууд анхаарал татаж буй. “Chanel”, “Fendi”, “Loewe” зэрэг брэнд уламжлалт хийцийг өөрчилж, задгай амсартай хувилбаруудаа танилцуулжээ. Түүнчлэн үслэг материалтай жижиг цүнх, матрын арьсыг санагдуулам хээтэй гадаргуу, жижигхэн авдар мэт хэлбэртэй загварууд энэ улирлын онцлох сонголтод багтжээ.
Монголчуудын хувьд малгай бол өвлийн зайлшгүй хэрэглээ. Харин өнөө жил үүнийг зөвхөн дулаацуулах хэрэгсэл бус, хувцаслалтын өнгө төрхийг тодорхойлох гоёл хэмээн үзэх болжээ. 2026 оны намар, өвлийн загварын тайзнаа ноос, ноолууран материалтай, содон малгай, үслэг эмжээртэй толгойн гоёл анхаарал татаж байна. Тухайлбал, “Hermеs” үслэг эмжээртэй малгай, “Yohji уamamoto” өвөрмөц хийцтэй толгойн гоёл танилцуулжээ. Харин “Givenchy”-ийн тайзнаа малгай урлаач Стивен Жонс торгон материалаар хийсэн бүтээлээрээ загвар өмсөгчдийг алмайруулав.
Загварлаг байдал зөвхөн томчуудаар хязгаарлагдахгүй бөгөөд энэ өвөл хүүхдийн хувцаслалтад ч мөн өхөөрдөм, содон шийдлүүд ноёлж байна. Тухайлбал, амьтны дүрслэлтэй, хөгжилтэй деталь бүхий ноолууран малгай, ороолт болон цамцны хослол нь бяцхан үрсийн тав тухыг хангахаас гадна өвлийн дүнсгэр өдрүүдэд гэрэл гэгээ нэмэх аж.
Энэ улиралд хувцасны ерөнхий төрхийг өөрчлөх нэгэн чухал гоёл нь бүс гэнэ. Ялангуяа том мөнгөлөг аралтай, өргөн арьсан бүсийг урт пальто, сул жакет, даашинзны гадуур зүүх нь түгээмэл болов. “Chloе”, “Celine”, “Polo ralph lauren” зэрэг брэнд барууны ковбой хэв маягийг санагдуулам том аралтай бүс, арьсан унжлага, хээтэй ороолтыг цуглуулгадаа ашигласан байна. Ийм бүс сул, шулуун эсгүүртэй пальтог ч цоо шинэ төрхтэй болгох давуу талтай. Мөн биеийн өө сэвийг далдлах ач холбогдолтой гэнэ.
Хүзүүний гоёлын хувьд зөвхөн зүүлтээр хязгаарлахгүй, олон төрлийн зүйлийг давхарлан зүүх нь моодонд ороод байна. “Chanel”, “Row”, “Celine”, “Valentino” зэрэг тансаг брэнд сувдыг янз бүрийн хэмжээ, хэлбэрээр ашиглах болов. Ялангуяа том сувдан хүзүүний зүүлт, олон давхар унжлага, барокко хэлбэрийн ээмэг энэ улирлын онцлох гоёлд багтаж байна. Сонирхолтой нь, эдгээрийг заавал ижил материал, өнгөөр сонгох шаардлагагүй. Мөнгөн гинж, сувд, өнгөт чулууг хооронд нь хослуулахад хувцаслалт илүү чөлөөтэй, өвөрмөц харагдана.
Гоёл чимэглэл зөвхөн хүзүү, чих, гар, толгойгоор хязгаарлагдахаа больж, энэ улиралд оймс хүртэл хувцас загварын анхаарал татахуйц хэсэг болов. “Prada”, “Isabel marant”, “Dries van noten” зэрэг брэнд тод өнгийн, хээтэй, чимэглэлтэй оймсыг гутал, юбка, богино өмдтэй хослуулжээ. Зарим загвар гуталтайгаа ижил өнгөөр уусаж байхад нөгөө хэсэг нь эсрэгээрээ ялгарч, хувцаслалтад содон өнгө нэмнэ. Өөрөөр хэлбэл, бүх хувцсаа шинэчлэхгүйгээр жижиг хэрэглэл ашиглан дүр төрхөө шинээр бүрдүүлэх боломжтой. Манай орны хүйтэн нөхцөлд хөлөө дулаан байлгах нь чухал тул “трактор” ултай, эсвэл богино түрийтэй арьсан гутлын дотуур зузаан, тод өнгийн ноосон оймс өмсөх нь загвар, хэрэглээний аль алинд нийцсэн сонголт юм.
Өвлийн урт, хүйтэн өдрүүдэд дандаа хар, саарал өнгөөр хувцаслах албагүй. Энэ улирлын чиг хандлага хатуу дүрэм тулгахаас илүүтэй өөрийн онцлог, үндэсний хэв маяг, уламжлалт ноолуур, мөнгөн эдлэлээ орчин үеийн содон детальтай хослуулах боломж олгож буй. Энгийн пальтогоо том энгэрийн зүүлтээр чимж, ноосон цамцандаа олон давхар хүзүүний гоёл нэмэх, өнгөлөг ороолтоор даруухан төрхөө “амилуулах”, эсвэл үслэг жижиг цүнхээр хувцаслалтаа өөрчлөх гээд сонголт арвин. Эцсийн дүндээ энэ өвлийн моод, гоёлын гол санаа нь заавал үнэтэй шинэ хувцас худалдан авахад бус, буй бүхнээ содон жижиг хэрэглэлтэй хослуулан өөрийн давтагдашгүй хэв маягийг бүрдүүлэхэд орших аж. Ингэснээр хүйтний улиралд ч дулаан, тухтай байдлаа алдалгүй загварлаг харагдах боломжтой.
Э.Сүйлэн