Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АНУ-ын хууль тогтоогчид тиктокийн 170 сая хэрэглэгчийн хувийн мэдээлэлд БНХАУ-ын Засгийн газар хандах боломжтой гэж үзсэн. Улмаар “Тикток” аппликэйшнийг хориглох тухай хууль баталсан билээ. Хөгжүүлэгч “ByteDance” компани уг аппликэйшний хувьцаа, зохиогчийн эрхийг таван сарын дотор АНУ-д зарах ёстой ба борлуулахаас татгалзвал бүх программд ажиллах боломжгүй болгоно гэж тус хуульд заасан аж. Харин “ByteDance” компанийнхан хориглуулахыг илүүд үзнэ гэж удаа дараа мэдэгдсэн. Эл байр суурь нь хэвээр байвал дээрх хуулийг энэ сарын 19-нөөс хэрэгжүүлэх юм байна. Хориг хэрэгжиж эхэлбэл “App store”, “Google play store” дээрээс тикток устах бөгөөд хэрэглэгчид VPN ашиглахад хүрэх нь. Тиймээс тикток хэрэглэгчид цаашид ямар аппликэйшн хэрэглэх тухай сошиалд шуугьж эхэлжээ.
Өнгөрсөн мягмар гарагт “Сяохоншу” буюу “Rednote” нэртэй хятад платформ “Apple”-ийн “Аpp store”-ийн үнэгүй аппликэйшний жагсаалтыг тэргүүлэв. CNN-д мэдээлснээр АНУ-д “Rednote”-ийн татан авалт өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад гурав дахин өссөн байна.
Шанхай хотод төвтэй “RedNote” компани 2013 онд байгуулагдсан бөгөөд сүүлийн жилүүдэд “Alibaba” болон “ByteDance”-ийн “Douyin”-тай өрсөлдөхүйц хөгжиж, Хятадын хамгийн том сошиал медиа платформуудын нэг болоод буй. Энэхүү аппликэйшний гол онцлог нь хэрэглэгчийн сонирхолд төвлөрдөг агуулгын алгоритмтэй. Дотоод бүтэц нь тикток болон инстаграмын хослол мэт харагддаг, фэйсбүүк, эсвэл “Google”-ийн хаягаар нэвтрэх боломжтой. Өдгөө сард 300 сая хүн “Rednote”-ийг идэвхтэй ашиглаж байгаа гэнэ. Америкчууд уг аппликэйшнийг хэрэглэж эхэлснээс хойш өнгөрсөн лхагва гаргийн байдлаар “Тикток дүрвэгсэд” гэсэн хаштаг тренд болж, 250 сая орчим хандалт, 5.5 сая гаруй сэтгэгдэлтэй байв.
Тиктокийг орлох дараагийн аппликэйшнээр “ByteDance”-ийн эзэмшдэг “Lemon8” тодорсон. Энэ нь одоогоор “Apple”-ийн “App store”-д хамгийн их татагдсан хоёр дахь аппликэйшн болоод буй. Гэвч дээрх хориг нь “ByteDance”-ийн эзэмшдэг, эсвэл ажиллуулдаг бүх программд хамаарна гэж заасан бөгөөд “Lemon8”-ыг хууль тогтоомжид тодорхой дурдаагүй ч мөн адил ажиллагаагүй болгоно гэсэн таамаг бий.
А.Дөлгөөнзул