Улиасны унгирал нь хүний хамрын салстыг цочроож, элдэв тоосонцор, нян, бактер дамжуулдаг тул харшил сэдрээх хүчин зүйл болдог аж. Иймд ургамлын тоосны харшлаас сэргийлэхийн тулд тоосжилт ихтэй үед цонхоо хаах, чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх, гадуур гарахдаа малгай, амны хаалт, нүдний шил хэрэглэж хэвшээрэй. Мөн хамар битүүрч, нус гоожих, найтаах, нүд загатнах, арьс салст улайх, хоолой бачуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
ЯМАР УРГАМЛЫН ТООСНЫ ХАРШИЛ ХЭДИЙД СЭДЭРДЭГ ВЭ
:• Модлог ургамал (хус, улиас, бургас, хайлаас)-Тавдугаар сараас зургаадугаар сарын сүүлч хүртэл тоосжилт нь үргэлжилнэ.
• Үет ургамал (согоовор, ерхөг, суль, арвай)-Зургаадугаар сарын дундаас долоодугаар сарын дунд үе хүртэл тоосоо хүртээдэг байна.
• Хөлийн буюу хогийн ургамал (лууль, шарилж)-Долоодугаар сарын эхнээс наймдугаар сарын сүүлч хүртэл тоосоо гөвдөг тул энэ үед харшлыг сэдрээдэг аж.
ХАРШЛААС СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУД:
1. Яг ямар ургамлын тоос тоосонцорт харшилж байгааг сорилоор илрүүлэх нь маш чухал. Харшилдаг ургамал, хоол хүнс зэргийг мэдсэнээр та түүнээс аль болох зайлсхийж, хамгийн оновчтой эмчилгээг өөрөө өөртөө хийж чадна гэсэн үг.
2. Улиасны тоосны харшилтай болох нь тогтоогдвол таваас зургаадугаар саруудад амны хаалт, нүдний шил тогтмол зүүж, гадуур явж ирсний дараа ам, хамраа давсны уусмалаар зайлж угаах хэрэгтэй.
3. Харшлын үед хамар байнга битүүрснээр хүчилтөрөгчийн дутагдалд орох, толгой өвдөх, хоолой залгиурын эмгэг үүсгэх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Иймд зовиур илэрч эхэлсэн үед эмчийн заавраар нүд, хамрын дусаалгыг хэрэглэнэ. Дур мэдэн дусаалгаа ойрхон сольж, мөн удаан хугацаанд хэрэглэвэл эмийн шалтгаант хамрын битүүрэл үүсэн улмаар хүндэрч, салстын хэт хуурайшил, дасал үүсгэх аюултайг санаарай.
4. Чийгтэй цэвэрлэгээг өдөрт 1-2 удаа хийх нь зүйтэй. Гадуур өмссөн хувцсаа үүдэнд тайлж, усанд ороод унтвал шөнө амьсгаа боогдох, бачуурах хүндрэлүүд багасдаг. Шарилжны харшилтай хүн хогийн ургамал тоосоо гөвдөг үе буюу өглөөний 05.00-07.00 цагийн хооронд цонхоо хаах хэрэгтэй. Энэ үеэр цонхоо онгорхой байлгасан бол харшлын эм хэчнээнийг ч ууж, дусаалга дусаасан ч нэмэргүй, өдөржингөө хамар битүүрч, нүд загатнасан хэвээр байдаг.
5. Ургамлын харшилтай хүмүүс сэдэрсэн үед нь айраг, саам, шар айраг, лууван, улаан лооль, нимбэг, алим, чавга, тоор болон халуун ногоотой хоол зэрэг хүнсийг хэрэглэж болохгүй.
6. Харшлыг эмчлэхгүй, урьдчилан сэргийлэхгүй бол хүндэрч, олон зүйлд харшламтгай болж нэмэгдэхээс гадна астма буюу багтраа тусах аюултай. Мөн их хэмжээний тоос тоосонцортой орчинд гэнэт орсноор хэт хүчтэй харшлын урвалд орж, амь насаа ч алдах аюултай байдаг тул зохих дэглэмээ сайтар баримтлаарай.
7. Дааврын агууламжтай тариаг зөвхөн эмчийн заалтаар хийнэ. Харшлын хурц үрэвсэлтэй, амьсгал бачуурсан, боогдсон гэх мэт амь насны заалттай үед гормоны эмчилгээг зайлшгүй хийдэг. Гэтэл харшлын шинж тэмдэг, зовиуртаа шаналсан хүмүүс түр зуур ч болов намдаах гэсэндээ дааврын агууламжтай тариаг дур мэдэн хийлгэчихдэг. Энэ нь урт болон дунд хугацаандаа маш олон сөрөг нөлөөтэй тул зайлсхийгээрэй.
8. Харшлын эмчилгээ хүн бүрт өөр өөр байдаг. Урьдчилан сэргийлэх вакцин, дархлаа дэмжих эмийн эмчилгээнээс эхлээд хүүхэд, жирэмсэн эхчүүдийн хувьд хяналтад авах, хүндэрсэн тохиолдолд цус шүүх эмчилгээг хүртэл хийдэг байна. Хамгийн гол нь хэр удаан хугацаанд харшилтай явж байгаа, хэр зэрэг хүнд шинж тэмдэг илэрдэг гэх мэт бүх зовиураа нарийн мэргэжлийн эмчид хэлж, зөвлөгөө авах нь чухал гэнэ. Дам сураг сонсоод хийсэн эмчилгээ тухайн хүнд тохирохгүй, оновчгүй байх нь түгээмэл аж.
Г.САНСАР