
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2026 оны гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг Боловсролын яамнаас өчигдөр танилцуулав. Манай улс багш болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг анх 2022 онд зохион байгуулж, тодорхой хэмжээний урамшуулал олгож эхэлсэн юм. Харин энэ удаагийн гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн жилүүдийн үр дүнд суурилсан арга зүй, шинэ журмын дагуу зохион байгуулсан аж. Тухайлбал, нэг багш, байгууллагыг үнэлэхийн тулд олон субъект хамруулдаг, тэднээр “дүн тавиулдаг” байсан. Харин одоо тухайн багш, байгууллагынхны бүтэн жилийн хөдөлмөр, ажлын ахиц, үр дүнг нотлох баримтад тулгуурлан үнэлгээний багийнхан тооцож, I-V түвшинд эрэмбэлжээ.
Энэ талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат “2026 оны байгууллагын үнэлгээнд нийт 1016 цэцэрлэгийн 7434 багш, 49 762 хүүхдийг хамруулсан. Мөн ерөнхий боловсролын 711 сургуулийн 30 097 багш 756 128 сурагч оролцсон. Ерөнхий боловсролын дээрх сургуулиас 105 нь гүйцэтгэлийн үнэлгээндээ ахиц гаргасан байна. Энэ нь хамрагдсан нийт сургуулийн 14 хувь юм. Харин 149 сургуулийн ажлын үр дүн буурчээ. Цэцэрлэгийн тухайд 1016 байгууллагаас 359 нь сайн үнэлгээ авсан буюу өмнөх амжилтаа ахиулсан бол 151-ийнх нь ахиц буурсан. Өөрөөр хэлбэл, үнэлгээнд хамруулсан бүх сургууль, цэцэрлэгийн үзүүлсэн ахиц, амжилтыг тооцон, I-V түвшинд эрэмбэллээ. Ингэхэд ерөнхий боловсролын сургуулийн 57.9 (2022 онд 40), цэцэрлэгийн 59.7 (2022 онд 40.5) хувь нь I-IV түвшинд үнэлүүлж, урамшуулалд хамрагдах боломжтой боллоо. V түвшинд эрэмбэлэгдсэн байгууллагад урамшуулал олгохгүй. Гүйцэтгэлийн үнэлгээгээр ерөнхий боловсролын сургуулийн улсын нэгдсэн дундаж 80.2, цэцэрлэгийнх 95.2 хувьтай байна” гэв.
Ч.ЦЭЛМЭГ