Хан-Уул дүүргийн II хороонд байрлах “Нэхмэл” хотхоны 15 дугаар давхарт ахуйн хэрэглээний хий тэсэрсэн гэх дуудлага энэ сарын 14-нд 17.02 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход айлын ариун цэврийн өрөөнд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний хий тэсэрч, нэг иргэний нүүр, гар нь түлэгдэж, гэмтсэнийг эмнэлэгт хүргэж өгсөн аж. Хэдийгээр гал түймэр гараагүй ч тэсэлгээний улмаас дөрвөн цонх хагарч, барилгын доор байсан автомашины дээрээс төмөр унасан байна.
Иймд айл өрх, албан байгууллагууд хийн баллон, савлагааг зориулалтын дагуу ашиглах, үйлдвэрлэгчийн зааврыг мөрдөх, халуун газарт болон нарны шууд тусгалаас хол хадгалах, агааржуулалт сайтай орчинд ашиглахыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Мөн гэртээ газ хадгалж буй тохиолдолд хий алдаж байгаа, эсэхийг тогтмол шалгахыг дээрх байгууллагаас сэрэмжлүүлэв. Хэрэв газ үнэртсэн, алдагдсан тохиолдолд ил гал гаргахгүй, цахилгаан хэрэгсэл, унтраалга ашиглахгүй, боломжтой бол аюулгүйгээр хаалтыг хааж, цонх, хаалгыг нээн агааржуулаад, хүмүүсийг нэн даруй холдуулж, аюулгүй байршлаас 101 дугаарт дуудлага өгөхийг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Ч.Болор