АНУ-ын Техас мужийн Эль-Пасо хотын “County сoliseum” ордонд өнгөрсөн амралтын өдөр Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 16 дахь тулаанаа Тажикистаны тулаанч Мухаммадхужа Якубовтой өрнүүлэв. WBC холбооны аваргын бүсийн төлөө тэд 58.9 кг (130 паунд)-ын жинд 10 раунд тулалдсан. Э.Цэндбаатар өрсөлдөгчөө буулган авч, гурван шүүгчийн оноогоор (98-91, 98-91, 99-90) үнэмлэхүй ялалт байгуулав. Тэрбээр дээрх тулаанд түрүүлэхийн тулд гурван сар бэлтгэл сургуулилалтаа шаргуу базаажээ. Өдгөө 31 настай Мухаммадхужа Якубов мэргэжлийн рингэнд 23 удаа тулалдаж, хоёр ялагдаад буй. Түүний хувьд тулааныхаа 12-т нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж, тус холбооны чансааны VII байрт эрэмбэлэгдсэн. АНУ-ын Лос-Анжелес хотын “Wild card boxing club”-т дасгалжуулагч Фредди Роучийн удирдлагад бэлтгэл хийдэг тэрбээр өмнө нь WBC international, WBA continental, WBO youth зэргээс гадна залуучуудын аваргын бүс эзэмшиж байв.