Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийн Сэтгэц засал эмчилгээний тасгийн эрхлэгч , сэтгэл засалч эмч Ш.Сугармаатай сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлаар ярилцлаа . Сэтгэл зүйч , сэтгэл засалчийн ажил мэргэжлийн чиг үүрэг , онцлогийг адилтган үзэх хандлага нийгэмд түгээмэл . Тэгвэл сэтгэл засалч гэдэг нь төрөлжсөн мэргэшил эзэмшсэн сэтгэцийн эмчийг хэлдэг бөгөөд анагаах ухааны их сургууль төгссөн , эмчлэх эрх бүхий лицензтэй мэргэжилтэн юм .
-Сүүлийн гурван жилд үйл ажиллагааг нь зогсоосон Сэтгэц заслын эмчилгээний тасгийг дахин нээжээ. Хэчнээн хүнд ямар тусламж, үйлчилгээ үзүүлээд байна вэ?
-Манай тасгийг анх 1975 онд байгуулсан түүхтэй. Зөвхөн амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаад сэтгэл заслын эмчилгээний баг болж өргөжүүлсэн ч “Ковид-19” цар тахлын дараа үйл ажиллагааны доголдол үүссэний улмаас гурван жил завсарласан. Сэтгэцийн эмгэг, сэтгэл заслын тусламж, үйлчилгээний эрэлт, хэрэгцээ нь нийгмийн хөгжлийг дагаад нэмэгддэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, аливаа улс орон хөгжих тусам стрессийн гаралтай сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ шаардлагатай болдог. Ялангуяа цар тахал олон хүний сэтгэл зүй, нийгэм, эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлсөн. Үүнээс үүдэн сэтгэл зүйн тулгамдсан олон асуудал бий болсонтой холбоотойгоор тасгийн үйл ажиллагааг дахин эхлүүлэх санаачилгыг манай удирдлагын зүгээс гаргасан юм. Энэ оны нэгдүгээр сарын 5-наас хойш давхардаагүй тоогоор 2400 гаруй хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.
-Мөн танайх амбулаторийн урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет нэмсний зэрэгцээ оройн цагаар жижүүр эмч ажиллуулж байгаа гэв үү?
-Тийм ээ. Амбулаторийн урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинет нэмж ажиллуулснаас хойш буюу өнгөрсөн 2-7 сар хүртэлх хугацаанд 3896 хүн үйлчлүүлсэн байна. Үүнээс 12 хувь нь стресстэй, 26.5 хувь нь сэтгэл түгших эмгэгтэй, 19.7 хувь нь сэтгэл гутралын шинж тэмдэгтэй, 10.8 хувь нь тархины үйл ажиллагааны хэт ачаалалтай, 8.9 хувь нь архаг ядаргаанд орсон байжээ. Ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ цаг алдалгүй авах хэрэгцээ өндөр байна гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс манай төвд 15.00-09.00 цагт мэргэжлийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдүүлж, жижүүр эмчийн орон тоог нэмсэн. Өөрөөр хэлбэл, Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт урьд нь хоёр эмч хонож ажилладаг байсныг гурав болголоо.
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч буй хүмүүсийг галзуу, солиотой мэтээр ойлгох буруу хандлага нийгэмд түгээмэл. Гэтэл нойргүйдэл нь хүртэл сэтгэцийн эмгэгийн нэг төрөл. Нийгэмд аюултай үйлдэл хийж болзошгүй, хурц солиоролтой, догшин авиртай хүмүүст голчлон тусламж үзүүлдэг байсан бол өдгөө нойргүйдэлд орсон, олон хоног унтаж амраагүй, сэтгэл түгшсэн, төрсний дараах сэтгэл зүйн хямралд өртсөн зэрэг нэн даруй тусламж шаардлагатай иргэдэд хүрч ажиллахыг зорьж байна. Мөн манай төвийн 1800-2000 дугаарын тусгай утсанд хандаж, зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
СЭТГЭЦИЙН ЭМГЭГ ҮҮСЭХ ХАМГИЙН ЭНГИЙН ШИНЖ НЬ НОЙРГҮЙДЭЛ
-Нойргүйдэл хүн амын дунд түгээмэл ажиглагддаг. Энэ нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг болон сэргийлэх ямар арга байна?
-ДЭМБ-аас гаргасан ангиллаар хүний сэтгэцийн эрүүл мэндийг гурав хуваадаг. Нэгдүгээрт, сэтгэцийн хувьд эрүүл, хоёрдугаарт, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, гуравдугаарт, сэтгэцийн эмгэгтэй гэж ангилдаг. Мэдээж сэтгэцийн хувьд эрүүл гэхээр аливаа асуудалд дасан зохицож, даван туулах чадвартай, ажил хөдөлмөрөө хэвийн үргэлжлүүлж буй, өөрт тохиолдсон стрессийг зөвөөр тайлах аргад суралцсан хүмүүсийг хэлдэг. Харин гэнэтийн гамшиг, осол ч юм уу, сэтгэл санааг хямраах тодорхой нэг үйл явдлын дараа тухайн хүнд түр зуурын сэтгэцийн тулгамдсан асуудал үүсдэг. Тухайлбал, нойргүйдэл, сэтгэл түгших, айдас, сэтгэлээр унах, архи, тамхины хэрэглээ ихсэх, эсвэл бие зовуурилах, өвчний шинж тэмдэг илэрсэн хэрнээ шинжилгээгээр нотлогдохгүй байх жишээтэй. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн үүнийгээ даван туулж, тусламж, үйлчилгээ авч чадахгүй удаан хугацаанд явбал эмгэг рүү шилждэг. Сэтгэцийн эмгэг гэдэг нь Өвчний олон улсын X ангиллын оношийн шалгуур хангасан, онош тавигдахуйц хэмжээний өөрчлөлтийг хэлдэг. Энэ тохиолдолд эмчилгээний асуудал ярьдаг.
Сэтгэцийн эмгэг үүсэх хамгийн энгийн шинж нь нойргүйдэл. Тухайн хүний нойрны хэмнэл алдагдах, богино цагаар унтаж, ойр ойрхон сэрж, байнга зүүдлэх, амарсан мэдрэмжгүй сэрэх зэрэг шинж илэрч, энэ нь ажил амьдралд тодорхой хэмжээнд нөлөөлбөл нойргүйдлээс үүдэх сэтгэцийн эмгэг үүсэх магадал өндөр болдог. Ийм тохиолдолд даруйхан эмчид үзүүлж, зөвлөгөө, тусламж авах хэрэгтэй. Бие даасан нойрны эмгэгээс гадна нойрны шинжээр илэрдэг сэтгэцийн эмгэг хүртэл бий. Өөрөөр хэлбэл, сэтгэцийн эмгэгийн бүхий л үед нойрны асуудал илэрдэг байх нь.
-Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг манай улс хамгийн сүүлд 2019 онд танилцуулсан. Эл судалгааг 2013 оны өгөгдөлд суурилан СЭМҮТ-ийнхөн боловсруулсан бөгөөд үүгээр таван хүн тутмын нэг нь сэтгэл түгших эмгэгтэй, 5-6 хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй, зургаан хүний нэг нь архаг ядаргаанд орсон гэж гарсан. Тэгвэл сэтгэл түгших эмгэг, сэтгэл гутралд юу нөлөөлж байна вэ?
-Манай улс 1990 онд дээрх судалгааг анх хийсэн. 2013 онд удаах судалгааг эхлүүлж, 2019 онд танилцуулсан. Үүнээс хойш өвчлөлийн бүтэц хүртэл өөрчлөгдсөнийг та бүхэн анзаарч буй биз. Жишээ нь, хүүхдийн аутизмын эмгэг нэмэгдсэн. Дараагийн судалгааны хэрэгцээ, шаардлага хэдийн үүссэн бөгөөд манай төвийнхөн бэлтгэл ажлаа хангаж байна. Хамгийн сүүлд танилцуулсан буюу 2019 оны судалгааны дүнг 1990 оныхтой харьцуулахад архинд донтох эмгэг 40, архаг ядаргаа 250 дахин ихэсжээ. Сэтгэцийн эрүүл мэнд нь нийгмийн хөгжлийг дагаад нэмэгддэг тулгамдсан асуудал болохыг дээрх судалгаа илтгэж байна.
Сэтгэцийн тулгамдсан асуудалд олон хүчин зүйл нөлөөлдөг. Ядуурал, авто замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг биднээс шалтгаалахгүй нийгмийн хүчин зүйлийг нэрлэж болно. Мөн тухайн хүний сэтгэл зүйн хэв шинжийн онцлог үүнд нөлөөлдөг. Аливаа стрессийг хэрхэн, яаж хүлээн авах нь тухайн хүний сэтгэл зүйтэй холбоотой. Мөн хүндээр өвдөх, архаг хууч өвчинтэй байх, байнгын эм, тарианы хэрэглээ, гэмтэл бэртэл зэрэг биологийн хүчин зүйл үүнд хамаатай. Хэдийгээр сэтгэцийн эмгэг удамшдаг гэж үзэх боломжгүй ч удамших хандлагатай өвчин гэж бий.
-Сэтгэцийн эмгэгийг эмийн бус аргаар эмчлэх боломжтой юу?
-Стрессийн гаралтай өвчний үед эмч үзээд эмийн эмчилгээ авах шаардлагатай, эсэхийг тухайн хүнд илэрч буй шинж тэмдгээр баримжаалдаг. Дийлэнх тохиолдолд хүчтэй эм хэрэглэдэг гэж иргэд буруугаар ойлгодог. Гэтэл эмийн бус эмчилгээ олон. Тухайлбал, манай сэтгэл заслын эмчилгээ. Үүгээр сэтгэл зүйн зөвлөгөө болон засал эмчилгээг хослуулан хийдэг. Сэтгэл зүйч, сэтгэл засалч, клиник сэтгэл зүйчийн хамтарсан баг ажиллаж байна. Мөн сэргээн засах буюу физик эмчилгээ үр дүнтэй. Тодруулбал, тухайн хүнийг сэтгэцийн эмч үзсэний дараа сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулах, эсвэл засал эмчилгээ хийх, эсэхийг шийддэг. Хүүхдэд мөн адил. Сэтгэл зүйн зөвлөгөөг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үзүүлдэг. Сэтгэл засал эмчилгээ нь урт хугацаанд үргэлжилдэг бөгөөд нэг цагийн төлбөр нь 50 000 төгрөг. Сүүлийн жилүүдэд эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын эмчилгээг насанд хүрэгчид болон хүүхэд, өсвөр үе гэж ангилан үзүүлж байгаа. Үе тэнгийн болон гэр бүлийн хоорондын харилцааны асуудлаар хүүхдүүд хандаж, тусламж, үйлчилгээ авдаг.
-Эл эмчилгээний үр дүн хэр хугацааны дараа гардаг бол?
-Хүмүүсийн олонх нь ганц удаагийн тусламж, үйлчилгээ авдаггүй. Тухайн үедээ хандсан асуудлыг нь шийдвэрлэх, тохирсон зөвлөгөө, тусламж үзүүлэх, оношийн дагуу засал эмчилгээ хийх зэргээр ганц удаагийн үйл явц байдаггүй. Энэ онд манай тасагт хандсан хүмүүсийн тусламж, үйлчилгээний байдлыг харахад нэг хүн хамгийн ихдээ 18 удаа ханджээ. Сэтгэл зүйн тулгамдсан асуудал богино хугацаанд үүсдэггүй тул тодохой давтамжтай тусламж үзүүлэх шаардлагатай байдаг. Магадгүй 50 настай хүний туулсан амьдралын асуудлыг нэг удаагийн уулзалтаар шийдвэрлэх, зөвлөх боломжгүй шүү дээ. Насан туршийн ч ийм хэрэгцээ байж болно. Өөрөө л бүхнийг болгоно гэж зүтгэхээс илүү ярилцах, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд гарц гаргалгаа, зөвлөгөө, тусламж авах хэрэгцээ хүмүүст байдаг. Бид тусламж, үйлчилгээ авсан хүмүүстээ сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалсанд нь талархаж, урамшуулдаг болсон.
СТРЕССИЙН ТҮВШНИЙГ ТУСГАЙ ТӨХӨӨРӨМЖӨӨР ТОДОРХОЙЛЖ БАЙНА
-Өвчний олон улсын X ангиллаар сэтгэцийн эмгэгийг F00-F99 гэж ангилдаг. Ийм кодтой 100 оношоос 72 нь манай улсад бүртгэгджээ. Үүн дотор F84 буюу хүүхдийн аутизм сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд та бүхэн хэрхэн анхаарч байна вэ?
-Хүүхдийн аутизм дэлхий нийтэд анхаарах асуудал болоод байна. Оношилгооны хүртээмж, арга сайжрахын зэрэгцээ энэ талаарх иргэдийн мэдээлэл нэмэгдэж, эцэг, эх, багш нар хүүхдийг багаас нь сайн ажиглаж, хөгжлийн ялгааг нь эрт илрүүлдэг болсон нь сайшаалтай. Манай төвийн хүүхдийн сэтгэцийн эмч нар дээрх оношийг тавьдаг. Ийм оноштой хүүхдүүдийн ар гэрийнхэнд сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ шаардлагатай байдаг.
-Өсвөр үеийнхний дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ нэмэгдэж буйг цагдаагийн байгууллагынхан хэлдэг. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай эмнэлэг үндсэн болон төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Сэтгэцийн тулгамдсан асуудал, эмгэгтэй хүмүүст үндсэн тусламжаа чиглүүлдэг бол төрөлжсөн үйлчилгээ нь стрессийн гаралтай, донтох эмгэгтэй иргэдэд төвлөрдөг. Донтох эмгэг 2019 оны судалгаагаар 40 дахин нэмэгдсэнийг дээр хэлсэн. Энэ нь хэдийн улсын хэмжээнд анхаарах асуудал болжээ. Донтолт нь зөвхөн насанд хүрэгчдэд бус, хүүхэд, өсвөр үеийнхэнд түгээмэл илэрч буй нь харамсалтай. Тухайлбал, ахуйн хий, сэтгэцэд нөлөөт эм, бодис, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой донтох эмгэгтэй хүмүүс эрс нэмэгдсэн. Олон улсад донтох эмгэгийн үндсэн эмчилгээг сэтэл засал гэж үздэг. Мөн эмийн эмчилгээтэй хавсардаг.
-Хүүхэд, залуус уураа барьж чадахгүй байх, уурлахдаа өөрийгөө гэмтээх тохиолдол нь сэтгэл зүйн асуудал мөн үү?
-Ийм байдал өсвөр үеийнхний дунд түгээмэл тохиолддог. Манай хүүхэд огцом уурлах боллоо гээд ханддаг эцэг, эх цөөнгүй. Өсвөр үеийн сэтгэл зүйн өөрчлөлт, үе тэнгийн дээрэлхэлт, гэр бүлийн орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Чухам юунаас болов, юу нөлөөлөв гэдгийг сэтгэл заслын эмчилгээгээр тодорхойлсноор дараагийн эрсдэлээс сэргийлэх боломжтой.
Бид тухайн хүүхдийн уур бухимдлыг судалгаагаар үнэлж, үр дүнд нь суурилж зөвлөгөө өгдөг. Насанд хүрэгчдийн тухайд стресстэй удаан байсан нь бухимдлын шинжээр тод илэрдэг. Тиймээс стрессийн түвшнийг тодорхойлох зөөврийн төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Эмчилгээний өмнө болон дараа нь хэмжиж, үр дүнг нотолгоонд суурилан гаргаж байна.
ШАЛТГААН НЬ СЭТГЭЛЭЭС ҮҮССЭН Ч ЗОВУУРЬ НЬ БИЕ МАХБОДОД ИЛЭРДЭГ
-Та сэтгэцийн эмчээр 20-иод жил ажиллаж буй юм байна. Энэ хугацаанд эмчлүүлээд эдгэрсэн олон хүнээс урам авсан байх. Жишээ хэлж өгч болох уу?
-Ялимгүй зовлонт бодол буюу OCD эмгэгийн талаар хүмүүс сайн мэддэг дээ. Манай төвд ийм нэг өвчтөн хандсан юм. Гадуур явахдаа онгорхой нүх болгоныг бөглөөд зорьсон ажлаа цалгардуулчихдаг. Өөр зорилгоор гэрээсээ гарсан хэрнээ ийм үйлдэл хийгээд байхаар тухайн хүн ажил, амьдралаа хэвийн явуулах боломжгүй болсон. Ингээд манайд хандаж, эмийн болон сэтгэл заслын эмчилгээг хослуулан хийлгэснээр эл эмгэгээс ангижирсан. Мөн сэтгэлийн шалтгаант бие махбодийн эмгэг иргэдийн дунд түгээмэл. Зүрх нь өвдсөн зовуурь илрээд байгаа хэрнээ нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, оношлуулахаар цоо эрүүл гэдэг. Эцэстээ манай төвд ханддаг. Өөрөөр хэлбэл, шалтгаан нөхцөл нь сэтгэлээс үүссэн ч бие махбодын зовууриар илэрдэг гэсэн үг.
Түүнчлэн сэтгэл зүйн асар хүчтэй цочролд орсны улмаас хоёр жил тэргэнцэр дээр суусан хүн бий. Хэдийгээр хөлөө гэмтээгээгүй ч сэтгэлийн шаналал нь бие махбодод нь илэрч суумгай болжээ. Эмчилгээний үр дүнд суга таягтай явж, сүүлдээ бие даан алхах чадвартай болсон. Мөн архинд донтож, амьдралаа алдсан ч эмчилгээний үр дүнд донтолтоосоо салж, бусдыгаа эрүүл амьдралд уриалж, нөлөөлж буй олон хүн байдаг.
Харин сэтгэцийн зарим төрлийн хүнд эмгэгийн үед шаардлагатай эмчилгээг хийдэг ч сэргээн засах тусламж, үйлчилгээ хоцорч буйд сэтгэл эмзэглэдэг юм. Эмийн болон сэргээн засах тусламж, үйлчилгээг зэрэгцүүлэн үзүүлснээр илүү сайн үр дүн гардаг. Гэвч манай улсад сэтгэцийн эмгэгтэй хүмүүс нийгэмших тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авч чадахгүй байна. Олон улсад нэг иргэнээ нийгэмшүүлэх үйл явц асар нарийн үе шаттай, байнгын дэмжлэгтэйгээр урагшилдаг. Улс орон нь бодлогоор анхаарч, төрийн болон төрийн бус байгууллагынхан хамтарч ажилладаг.
-Сэтгэц эрүүл бол бие эрүүл гэдэг шүү дээ. Сэтгэлээ эрүүл байлгах зөвлөгөө өгөхгүй юү?
-Хувь хүн сэтгэцийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сайжруулах хэрэгтэй. Стрессээ тайлдаг энгийн аргад суралцах нь зүйтэй. Дуртай зүйлээ хийж, хоббитой байх, агаар салхинд алхах, фитнес, спортоор хичээллэх, бүжиглэх, ном унших гэх мэт зөв аргаар стрессээ тайлах нь сэтгэцийн эмгэгээс сэргийлэх нэг алхам. Мөн сэтгэл санааг тайвшруулдаг хамгийн энгийн арга нь амьсгалын дасгал юм. Хэрэв эдгээр аргыг хэрэглэсэн ч тулгамдсан асуудал, шинж тэмдэг үргэлжилсээр байвал мэргэжлийн эмчид хандаарай.