Ч.Номин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд (ССАЖЗ)- ын сайдаар ажиллаж байхдаа “Go Mongolia” үндэсний брэндийг олон улсад сурталчлан таниулах зорилгоор Английн Премьер лигийн “Фулхэм” багтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэвч гэрээнд тусгасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэдэг үндэслэлээр тус баг манай улсын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгсөн юм. ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам өнгөрсөн оны сүүлчээр энэ талаар анх мэдээлж байв. Тэгвэл арбитрын шүүх “Фулхэм” клубийн нэхэмжилсэн 6.5 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраар төлүүлэх шийдвэр гаргажээ. Үүнийг ССАЖЗ-ын сайд Ж. Алдаржавхлан мэдэгдэв. Мөн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Энэ асуудалтай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын мэдээллийг сонсож хэлэлцээд, Засгийн газар арбитрын шүүхэд ялах боломжгүй гэж үзсэн. Тиймээс нэхэмжилсэн мөнгийг нь төлөхөөр шийдвэрлэлээ. Хөл бөмбөгийн багт бүх талаар давуу байдал олгосон гэрээ байгуулсан тул шүүхдэлцээд нэмэргүй, илүү зардал гаргах эрсдэлтэй” гэв.
Н.Мишээл