“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн Сэлэнгэ мөрөн болон Байгаль нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийг тогтоох зорилгоор Монгол, Оросын эрдэмтдийн хамтран гүйцэтгэсэн судалгааны үр дүнг ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл Ерөнхий сайд Н.Учралд танилцууллаа. ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсын Төрийн тэргүүний урилгаар 2024 оны намар Монголд айлчлахад хоёр улсын байгаль орчны асуудал эрхэлсэн сайд Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан юм. Талууд үүний хүрээнд “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн Байгаль нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан ажлын хэсгийг байгуулан, хоёр жил гаруй хугацаанд судалгаа хийжээ. Улмаар тус станцыг байгаль орчинд сөрөг нөлөөгүй барьж, ашиглах боломжтой гэсэн урьдчилсан дүгнэлтэд хүрсэн байна. Ерөнхий сайд Н.Учрал хоёр улсын эрдэмтэн, судлаачдад талархал илэрхийлээд, үнэлгээнийхээ үр дүнг эцэслэн хэлэлцэж, Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд танилцуулах, төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлогын дэмжлэгүүдийг нэгтгэн боловсруулж, танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Хамтарсан судалгааны урьдчилсан дүгнэлтийг хоёр улсын эрдэмтдийн ажлын хэсэг энэ сарын 19-нд ОХУ-ын Засгийн газарт албан ёсоор танилцуулж, холбогдох баримт бичгийг гардуулах аж.
Н.Дүүл