Өчигдөр буюу энэ сарын 1-нд Хан-Уул дүүргийн нутаг яармагийн замд буюу Сансар худалдааны төвийн урд талын ногоон гэрлээр зам гарч байсан хүүхдийг хурд хэтрүүлсэн машины жолооч дайрч, хүүхэд газар дээрээ нас барсан хэрэг гарсан тухай бид мэдээлсэн.
Уг нь Монголд ирсэн гадны зочид, төлөөлөгч, жуулчдыг нийслэл хот руу орохдоо олон улсын стандартад нийцсэн замаар зорчуулахаар санаачилж 2012 оноос их засварт оруулан эгнээ урсгалыг нь өргөтгөсөн. Гэвч Нийслэлд хамгийн их зам тээврийн осол гардаг зам бол энэ. Байсхийгээд л осол гарч, хүний амь эрсэдлээ гэсэн мэдээ сонсогдох болсон билээ.
Өнгөрсөн сарын байдлаар энэ онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гарсан хэрэг зам тээврийн ослын 3011 буюу 86 хувь нь тээврийн хэрэгслийн жолоочдын хайхрамжгүй байдлаас болж мөргөлдөх осол гарсан бол үлдсэн хувь нь явган зорчигчийн амь эрсэдсэн мэдээлэл байна. Харин өнгөрсөн оны есдүгээр сард яармагийн зам ашиглалтад орсноос хойш мөн онд 24 хүн амиа алдсан бол энэ оны есдүгээр сарын байдлаар дахин дөрвөн хүний амьдрал энэ зам дээр ирээд төгссөн байгаа юм.
Тиймээс "Өнөөдөр" сонин редакцийн уулзалтдаа холбогдох албаны хүмүүсийг оролцуулж ослын хар цэг болсон энэ замыг "Яагаад аюулгүй болгох арга хэмжээ авдаггүй вэ" хэмээх асуудал дэвшүүлж бэлтгэхээр боллоо.
Энэ тухай манай сонины аравдугаар сарын 6-ны дугаараас унших боломжтой.