
Ерөнхий сайд Н.Учрал 2026-2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс зохион байгуулах, эрсдэлийг урьдчилан тооцоолон, бодитой арга хэмжээ шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор аймаг, нийслэлийн удирдлагуудтай өчигдөр цахим хурал хийв. Аймгийн төв, суурин газрын хүн амын 2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэх нөөцийн махны хэмжээг тогтоох, Улсын тусгай хэрэгцээний газарт малч дыг отроор өвөлжүүлж, хаваржуулах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, ургацын урьдчилсан балансыг 2026 оны наймдугаар сарын 20-ны дотор таримлын төрөл тус бүрээр нарийвчлан гаргах, агуулах, зоорь, элеваторын бэлэн байдлыг хангахыг салбарын сайд нарт даалгасан байна. Мөн ургац хураалтад мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, сонсогч, хугацаат цэргийн алба хаагчдыг татан оролцуулах, үүнтэй холбогдуулан хичээл, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхыг үүрэг болгожээ. Түүнчлэн “10 аймгийн төвд Дулааны станц барих төсөл”-ийн ажлыг эрчимжүүлэх, дулааны эх үүсвэрийн хомсдолд орсон зарим аймагт төр, хувийн хэвшлийн түншлэлээр Дулааны цахилгаан станц барих ажлыг зохион байгуулахыг Эрчим хүчний сайдад үүрэг болгов. Аймгийн төв болон сум, суурин газрын дулааны станц, халаалтын зуухнуудын засвар үйлчилгээг есдүгээр сарын 1-нд бүрэн дуусгаж, хэрэгцээт түлш, нүүрсийг нөөцлөх, Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг сайжруулсан түлш, хагас коксон түлшээр хүрэлцээтэй хангахад онцгой анхаарахыг хотын захирагчид даалгасан байна.
Л.ЧИМЭГ