
Өглөө ажилдаа явах, эмнэлэг, төрийн байгууллагаар үйлчлүүлэх, хүүхдээ сургууль, цэцэрлэгээс авах гээд Улаанбаатарын иргэдийн өдөр тутмын амьдрал автомашины зогсоол хайхаас эхэлдэг гэхэд хилсдэхгүй. Хотын төвөөр хэдхэн минутын ажил амжуулах гэсэн жолооч нар сулзогсоолхайн эргэлдсээр хайран цагаа үрдэг. Эцэст ньарга мухардахдаа машинаа автозамын нэгдүгээр эгнээнд түр орхихоосаргагүйболдогньнууцбиш. Ингэж тавьсан машинууд авто замын хөдөлгөөнд саад учруулж, тэр хэрээр түгжрэлд хувь нэмрээ оруулдаг нь гачлантай.
ДОЛООН МАШИН ТУТМЫН ЗУРГААД НЬ ЗОГСООЛ ОЛДДОГГҮЙ
2026 оны байдлаар МонголУлсын хэмжээнд нийт 1.4 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 755 мянга гаруй нь зөвхөн Улаанбаатар хотод бий. Тэгвэл энэ олон автомашиныг нийслэлийн хаана байрлуулах вэ. Статистик сөхвөл, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд орон сууцын хороолол, албан байгууллага, худалдааны төвүүдийн дотоод талбайг нийтэд нь хамруулбал 1801 байршилд 113 356 автомашины зогсоол байдаг аж.
Энэ нь нийслэлд бүртгэлтэй 755 мянга гаруй автомашины тоотой харьцуулахад зогсоолын нийт багтаамж ердөө 15 орчим хувьтай тэнцэж байна гэсэн үг. Энгийнээр хэлбэл, нийслэлд буй долоон машин тутмын зургаад нь зогсоол олдохгүй учраас авто замын нэгдүгээр эгнээг “эзлэхээс” өөр сонголтгүй үлддэг гэсэнүг. Мөн дээрх зогсоолын дийлэнх нь оршин суугчид болон тухайн байгууллагын ажилчдад зориулагдсан чиптэй тул гаднын хүмүүс ашиглах боломжгүй аж.
Угтаа авто зогсоолыг хот төлөвлөлтийн нэг хэсэг болгон урьдчилан тооцож, хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох нь хотын захиргааны үндсэн үүргийн нэг. Гэвч газар олголт, хот төлөвлөлтийн алдаатай шийдвэрүүдийн уршгаар өнөөдөр нийслэлд шинээр зогсоол байгуулах боломжтой сул талбай улам хомсдож байна.
2019 ОНООС ЭХЭЛСЭН ШИНЭЧЛЭЛ
Уг асуудлыг шийдэх оролдлого долоон жилийн өмнө эхэлсэн. Нийслэлийн ИТХ-ын 2019 оны тогтоолоор “Улаанбаатар хотын хөгжлийн корпорац” компани авто зогсоолын менежментийг шинэчлэх ажлыг эхлүүлж, төлбөр тооцоог цахимжуулах, зогсоолыгилүү үр ашигтай болгох зорилт дэвшүүлсэн юм. Үүний дагуу 2020-2024 онд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд авто зогсоолын менежментийг сайжруулах төслийг хэлэлцэн, гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулжээ. Ингэхдээ автомат хаалт, QR систем бүхий ухаалаг зогсоолыг 50 байршилд байгуулахаар төлөвлөсөн байна. Гэвч өнөө хэр төлөвлөсөн бүх зогсоолыг бүрэн ашиглалтад оруулаагүй. Өдгөө 38 байршилд л авто зогсоол ажиллуулж буй бол үлдсэн 12 нь шүүхийн маргаантай аж.
Тооцооллоор бол жолооч нарт утсаараа сул зогсоолыг харж, QR-аар төлбөрөө төлөөд, зогсоол хайж хотын төвөөр дэмий эргэлдэх хугацаагаа багасгах боломж бүрдүүлэх учиртай байв. Харамсалтай нь, бодит байдалд эл системийг бүрэн хүчин чадлаар нь өнөөдрийг хүртэл ажиллуулж чадсангүй. Нэг талд төхөөрөмжийг нь эвдэж, дүрэм, журмыг уландаа гишгэдэг хэрэглэгч, нөгөө талд бодлогын залгамжгүй төр, түүний уршгаар үргэлж доголддог систем ухаалаг шийдлийн үр нөлөөг баллаж байгаа нь үнэн. Тиймээс үүнийг зөвхөн технологийн алдаа гэж тайлбарлах боломжгүй. Хотын удирдлага, үйлчилгээ үзүүлэгч компани, хэрэглэгчийн хариуцлага гэсэн гурван талын уялдаа холбоо алдагдсаны тод илрэл юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Авто зогсоолын удирдлага, хяналтын газрын мэдээллээр өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд нийслэлийн захиргаатай албан ёсны гэрээ байгуулсан 75 байршилд нийт 1889 автомашины төлбөртэй зогсоол ажиллаж байжээ. Эдгээр зогсоолоос жилд дунджаар 900 саяас 1.4 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн аж. Харин энэ оноос авто зогсоолын менежментийн бүтэц өөрчлөгдөж, “Улаанбаатар авто замын менежмент” компани хариуцах болсноор өдгөө 72 байршилд төлбөртэй зогсоол ажиллаж байна.
Тэдгээрийн нэг болох “AI Parking” компани Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн есөн байршилд нийт 500 орчим автомашины багтаамжтай ухаалаг зогсоолыг ажиллуулж буй юм. Тухайлбал, олны нэрлэж заншсанаар “Монтел” орчим, Хүүхдийн 100, Сөүлийн гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвөөс Баруун дөрвөн зам хүртэлх хэсэг, Монголын үндэсний музей зэрэг хотын хамгийн их ачаалалтай бүс үүнд багтаж буй.
Эл зогсоолууд эхний 15 минут төлбөргүй бөгөөд цааш нэг цаг хүртэлх хугацаанд 2000 төгрөгийн үнэтэй. Харин 60 минутаас дээш хугацаанд цаг тутамд 4000 төгрөг төлөх заалттай аж. Мөн шөнийн тариф (00.00-06.00)-ыг хөнгөлж, цаг тутамд 2000 төгрөг байхаар зохицуулжээ. Жолооч нар QR код уншуулан төлбөрөө төлөхөөс гадна аппликэйшнээр сул зогсоол харах, урьдчилан захиалах, цахилгаан автомашинаа цэнэглэх ч боломжтой.
Гэвч ухаалаг шийдлийг ухамсаргүй үйлдэл үгүйсгэсэн хэвээр байна. “Улаанбаатар авто замын менежмент” компанийн мэдээлснээр зарим жолооч төлбөрөөс зайлсхийхийн тулд автомат хаалтыг зориудаар дугуйгаараа дарж эвдэх, төхөөрөмжийг тойрч орох, тэмдэг тэмдэглэгээг үл тоон хаалтан дээр машинаа тавих зэрэг зөрчлийг тогтмол гаргадаг аж. Мөн камерын бичлэгээр баримтжуулаад цагдаад өгсөн ч хохирол барагдуулах үйл явц маш их хугацаа шаарддаг гэнэ. “AI Parking” компанийнхан эвдэрсэн төхөөрөмжүүдийг тухай бүрд нь засварладаг ч энэ мэт үйлдэл тасрахгүй байгаа тул системийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахад хүндрэл үүссэнийг учирлаж байна.
ӨНДӨР ТАРИФ УУ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР УУ
Зогсоолын асуудалд жолоочийн хариуцлагаас гадна үйлчилгээний чанар, хүртээмж, тарифын бодлого ч нөлөөлнө. Жолооч нарын дунд хамгийн их шүүмжлэл дагуулдаг асуудлын нэг нь энэ. Хотын төвийн зогсоолуудын ихэнх нь чипээр онгойдог, эсвэл байгууллагын дотоод хэрэгцээнд зориулагдсан тул гаднын машин оруулдаггүй. Харин олдож буй зогсоолууд нь өндөр төлбөртэй тул урт хугацаагаар ашиглах боломж хязгаарлагдмал.
Өдгөө мөрдөж буй тарифаар эхний 15 минут үнэ төлбөргүй ч нэг цаг хүртэл 2000, түүнээс дээш бол цаг тутамд 4000 төгрөг хураахаар зохицуулсан. Богино хугацаанд үйлчилгээ авахад энэ нь боломжийн мэт санагдах ч өдөр бүр олон цагийг төвийн бүсэд өнгөрүүлдэг иргэдийн хувьд нэлээд өндөр зардал. Энгийн жишээ авахад, өглөө 09.00 цагт ажилдаа ирээд орой тарах хүртлээ машинаа байршуулбал өдөрт 34, ажлын таван өдөрт 170 мянган төгрөгийг зөвхөн зогсоолд зарцуулна гэсэн үг. Энэ мэтчилэн санхүүгийн ачааллаас зугтсан жолооч нар төлбөртэй зогсоолоос татгалзаж, замын хөдөлгөөнд саад болон машинаа түр орхих, эсвэл төлбөргүй талбай хайх нь түгээмэл гэнэ. Тухайлбал, иргэн Б.Төгөлдөрийн ажил олны хэлж заншсанаар “Мөнгөн Завьяа”-гийн ойролцоо байрладаг аж. Тэрбээр “Би ажлын өдөр бүр зогсоол хайж 20-30 минут хотын төвөөр дэмий эргэлддэг. Аппликэйшн дээр сул талбай байна гэж хараад очихоор аль хэдийн өөр машин тавьчихсан, эсвэл систем нь гацчихсан байх нь элбэг. Дээрээс нь хэтэрхий өндөр үнэтэй” гэв.
Авто зогсоолын салбарт олон жил ажилласан нэгэн иргэн “Зогсоолын төлбөрт зөвхөн талбайн түрээс биш, ажилчдын цалин, гэрэлтүүлэг, хамгаалалт, цэвэрлэгээ, тэмдэг тэмдэглэгээ, төхөөрөмжийн засвар үйлчилгээ зэрэг олон зардал шингэдэг. Түрээс өндөр байх тусам үйлчилгээний үнэ нэмэгдэхээс өөр аргагүй” хэмээн тайлбарлав. Гэхдээтөлбөртэй зогсоолын үйлчилгээний чанар тарифын түвшинтэйгээ дүйж байна уу гэдэг өөрөө асуудал. Зарим зогсоол өнөө хэр шороонд дарагдсан, тэмдэг тэмдэглэгээ нь бүдэг, орц, гарцын зохион байгуулалт хангалтгүй хэвээр байгаа нь жолооч нарын уурыг ихээхэн хүргэдэг.
ТЕХНОЛОГИОС ИЛҮҮ ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО ХЭРЭГТЭЙ
Дэлхийн олон хот автомашины тоо өсөн нэмэгдэхтэй зэрэгцэн зогсоолын асуудлыг зөвхөн шинэ талбай байгуулах замаар бус, менежмент, мэдээллийн нэгдсэн систем, уян тариф, хариуцлагын механизмаар зохицуулж байна.
БНСУ-ын Сөүл хотод ухаалаг зогсоолын мэдээллийг замын хөдөлгөөний нэгдсэн системтэй холбосноор жолооч хамгийн ойр сул зогсоолыг утаснаасаа харах боломжтой. Сингапурт зогсоолын менежментийг хот төлөвлөлттэй уялдуулан, эрэлт, ачааллаас хамаарсан төлбөрийн зохицуулалт болон дүрэм зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох механизмыг ашигладаг. Эдгээрээс харахад зогсоолын асуудлыг зөвхөн ухаалаг төхөөрөмжөөр шийдэх боломжгүй. Технологи нь мэдээллийг шуурхай хүргэж, төлбөр тооцоог хялбарчилж чадна. Харин дүрэм мөрдүүлэх, эвдсэн төхөөрөмжийн хохирлыг шуурхай барагдуулах, доголдлыг цаг тухайд нь засварлах, тарифыг хэрэглэгчийн бодит хэрэгцээнд нийцүүлэхэд тусдаа бодлого шаардлагатай аж.
Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашины тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буй энэ үед зогсоолын талбайг дахин тэлэх боломж хязгаарлагдмал. Тиймээс байгаа нөөцөө илүү үр ашигтай удирдах нь шинэ зогсоол байгуулахаас ччухал. Гэтэл төлбөрөөс зайлсхийж төхөөрөмж эвддэг хэрэглэгч, эвдэрсэн техникээ хугацаанд нь засварлаж чаддаггүй үйлчилгээ үзүүлэгч, хэрэгжилтийг тогтвортой хянах чадамжгүй төрийн бодлого зэрэгцэн оршсоор байвал ухаалаг зогсоол үр дүнгээ өгөхгүй нь тодорхой.
Үндсэндээ QR код, автомат хаалт, гар утасны аппликэйшн дангаараа эласуудлыгшийдэжхүчрэхгүй. Жолооч дүрмээ мөрдөж, үйлчилгээ үзүүлэгч системийнхээ найдвартай ажиллагааг хангаж, хотын захиргаа ил тод, хариуцлагатай менежмент хэрэгжүүлж чадсан цагт л бид үр өгөөжийг нь бодитоор хүртэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын зогсоолын асуудалд хамгийн их дутагдаж буй зүйл нь шинэ технологи биш, харин технологийг ажиллуулах хариуцлагын тогтолцоо юм.
У.ЦЭЦЭГ