Дөрөвдүгээр сарын 20. 53 жилийн өмнө энэ өдөр ардчилсан хувьсгалын удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг мэндэлсэн.
Аравдугаар сарын 2. 1998 оны энэ өдөр тэрбээр бусдын гарт амь үрэгдсэн. Түүнээс хойш 17 жил өнгөрчээ.
“С.Зориг. Монголын ард түмнээс” гэсэн хөшөөнд түүний төрөл төрөгсөд, ардчилсан намын удирдлага, журмын нөхөд нь 17 дахь намартаа хүндэтгэл үзүүлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэн хөшөөнд нь цэцэг өргөсөн юм. Төрийн тэргүүн хамгийн эхэнд сагс дүүрэн цэцэг өргөөд ганц үг ганхийлгүй УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хамт ордныхоо зүг алхаж одсон. Тэнд үлдсэн хүмүүс ээлж дараалан улаан сарнай тавьж, хөшөөг гурвантаа тойрлоо.
С.Зориг агсны төрсөн ах С.Баяр “Монголд хүний эрх, хуульт ёс зэрэг ардчиллын үнэт зүйл тодорхой хэмжээгээр бий болсон. Гэхдээ Зоригийг хөнөөсөн хэрэг илрээгүй цагт ардчиллын түүхэнд хар толбо байсаар байх болно. Энэ хэргийг илрүүлэхгүй байгаа нь Монголд ардчилал бүрэн хэрэгжиж байна гэж итгэх боломжгүй болголоо. Сэтгүүлчид “Зориг агсныг хороосон хэргийг илрүүлэхэд гэр бүлийнхэн нь юу хийж байна” гэж жил болгон л асуудаг.
Бид төр засгийн үе үеийн удирдлагуудад хандсан. Энэ олон жил хэрэг илрэхгүй байгаад гонсгор байна, цөхөрч байна. Ганц гэр бүлийнхэн гэлтгүй түмэн олон үнэн бодит мэдээлэл хүсэж, хүлээж байгаа. Олон улсын парламентын холбооны дэргэдэх Хүний эрхийн хорооныхон сүүлийн 14 жил буюу 2001 оноос Зоригийг хөнөөсөн хэргийн талаар анхаарч ажиллаж байна. 10-аад хоногийн өмнө тэд ирээд явсан. Энэ хөшөө ч гэсэн монгол түмний хандиваар бүтсэн. Монголчууд бид тэнгэр бурхан, үйлийн үрд итгэдэг.
Аллага үйлдсэн хүмүүс 17 жил тайван унтаж чадаагүй байх. Айдсын сүүдэр тэднийг байнга дагаж яваа. Ямар нэг байдлаар шийтгэлээ эдэлж байгаа гэж боддог” гэв. “Цорын ганц гэрч Булгантай холбоотой байдаг уу” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Дүүтэй минь хамт амьдарч байсан хүний хувьд Булгантай бид хэвийн харилцаатай байдаг. Тухайн үед нь хэргийн талаар бүгд л мэдүүлэг өгсөн. Өөр илүү мэдээлэл авч чадаагүй” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Жил бүр энэ өдөр ирж хүндэтгэл үзүүлдэг. Хэргийн талаар шинэ мэдээлэл сонсох байх гэж хүсэн хүлээдэг боловч харамсалтай нь 17 жил өнгөрлөө. Хууль, хяналтын байгууллагынхан “Ажлаа хийнэ” гэж аль 1998 онд амласан. Энэ хэргийг илрүүлнэ гэж амлаж, гишүүн болсон цагдаагийн алба хаагч ч байдаг.
Эргээд харахад мөрдөн шалгах эрхтэй хууль, хяналтын байгууллагынхан ямар ч үр дүнд хүрсэнгүй. Гэтэл энэ хугацаанд улстөржиж, жирийн иргэдийг их хэлмэгдүүлсэн. Хууль, хүчнийхэн улс төрөөс хараат бус байж, мэргэжлийн түвшинд ажиллаач” гэлээ. Тэнд цугласан хүмүүс “Гэрчгүй хэрэг илрээд байхад гэрчтэй хэрэг яагаад илэрдэгүй юм бэ” хэмээн халагласаар ганц нэгээрээ цуван одсон.
Т.ТУЯА