ХӨСҮТ элэгний С вирусийн шинжилгээ хийх албан ёсны эрхтэй лабораториудыг зарлав. Сонгон шалгаруулалтад 18 байгууллага оролцсоноос “Элэгний төв”, “Грандмед”, “Интермед”, “Сонгдо” эмнэлэг, “Гялс” анагаах ухааны төв, “Хаппи веритас”, “Мед-Аналитик”, “Онкоген”, “Стандлаб”, “Итгэл” эрүүл мэндийн төвийн лаборатори С вирусийн нуклейн хүчлийн хэмжээг тогтоох аж.
“Эдгээр лабораторид шинжилгээ хийх эрх олгосон ч төлбөр тооцоонд нь хяналт тавих боломжгүй” гэж ХӨСҮТ-ийнхөн хэлэв. С вирус илрүүлэх шинжилгээ дунджаар 20, тоолох нь 160 мянган төгрөгт багтаж буй.
Тэгвэл эдгээр лабораториос хамгийн хямд төлбөртэй нь “Хаппи веритас” аж. 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж, Монголд анх удаа элэгний B, C, D вирусийг тоолсон тус оношилгооны төв нийгмийн хариуцлагаа ухамсарлан, зорилтот бүлгийн иргэдэд энэ сарын 31 хүртэл С вирусийн шинжилгээг үнэгүй хийх гэнэ.
Мөн элэгний хатуурлын шинжилгээнд эмзэг бүлгийн 1000 хүнийг үнэгүй хамруулахаар болсон байна.
О.БАТ-УНДРАХ