Өнгөрсөн бямба гаригийн орой Улаанбаатарт газар хоёр удаа нэлээд хүчтэй хөдөллөө. Эхнийх нь 17 цаг 30 минут 17 секундэд 3.5 магнитуд хүчтэй хөдөлсөн бол 41 секундийн дараа дахиад 4.4 магнитуд хүчтэй шилгээжээ.
Энэ нь нэлээд хүчтэйд тооцогдох чичирхийлэл ч гэлээ өчигдрийн байдлаар газар шилгээснээс болж ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн хэлсэн. Газар хөдлөлийн голомт нь Гүнжийн сүмийн ойролцоох томоохон ангалаас хойш есөн км-т байжээ.
Улаанбаатарын ойр орчимд газар хөдлөлийн идэвхжилтэй зургаан том голомт байдгийн нэг нь Гүнжийн хагарал хэмээх энэхүү бүс гэнэ. Одон орон судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Тунгалагаас энэ талаар тодруулахад “Газар 3.5 магнитудаас дээш хүчтэй хөдөлбөл хүмүүст чичирхийлэл мэдрэгддэг.
Өчигдөр (уржигдар) газар хөдлөх үеэр Шарга морьт, Жигжид орчмын зуслангийн айлууд болон Зайсан толгой хавийн байрны оршин суугчид чичирхийлэл мэдэрлээ гэж манайх руу утасдсан. Газар хоёр удаа ойрхон хөдлөх үеэр манай ээлжийн жижүүрт нэлээд хүчтэй дуу чимээ сонсогдсон гэсэн.
Газар хүчтэй хөдлөх үед дуу чимээ гардаг шүү дээ. Бас дараа нь ойр ойрхон сул чичирхийлэл олон давтагддаг. Тиймээс тэр оройдоо 0.04-2.62 магнитуд хүчтэй чичирхийлэл 11 удаа давтагдсан байна” хэмээв. Харин дээрх хагарал дахиад идэвхжих, эсэхийг одоогоор хэлэх боломжгүй гэлээ.
Л.ГАНЧИМЭГ