Жил хүлээлгэсэн Авто худалдааны цогцолборын нээлт өчигдөр боллоо. Ингэснээр нийслэл дэх авто худалдаа эрхлэгчид хүйтрэхээс урьтаж, нэг газарт төвлөрөн, худалдаа, үйлчилгээ явуулах боломж бүрдэж буй юм. Нээлтийн үеэр цогцолбор хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Зарим худалдагчид хэдийнэ ирчихсэн иргэдэд машинаа сонирхуулж байв. Жил гаруй үргэлжилсэн бүтээн байгуулалтын хүрээнд одоогоор суудлын машины 6375 зогсоол бариад байгаа юм. Мөн худалдаа, үйлчилгээ, албан байгууллагын зориулалттай сэндвичэн түр байшингууд барьсны ихэнх нь эзэнтэй болсон харагдсан.
Цогцолборынхон энэ сарын 31 хүртэл сонирхсон авто худалдаа эрхлэгчдэд үнэ төлбөргүй худалдаа явуулах эрх олгож байгаа гэнэ. Нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр, маргааш ч үргэлжлэх бөгөөд сонирхсон иргэн, аж ахуйн нэгжүүдэд цогцолбортой танилцах боломж олгож, автобусаар үнэ төлбөргүй үйлчилж буй юм байна.
Нийт 130 га газартай Авто худалдааны цогцолборын 30 га газарт эхний ээлжинд бүтээн байгуулалт хийснээ ашиглалтад оруулж буй нь энэ. Мөн цогцолбор дахь газрыг дуудлагаар худалдсан бөгөөд нийт 12 байршилд газар авсан аж ахуйн нэгжүүд ирэх хавраас бүтээн байгуулалтаа эхлэх гэнэ.
“Тэдний олонх нь худалдаа, үйлчилгээний барилга байгууламж барих сонирхолтой байна лээ” гэж цогцолборынхон хэлэв. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу дараагийн ээлжинд зөвхөн авто худалдаа биш, томоохон хэмжээний бүтээн байгуулалт болгож, нийслэлийн баруун бүсэд хотын нэг дэд төв байгуулах зорилготой.
Үүнээс гадна цаашид цогцолборын үйл ажиллагаа жигдэрчихвэл сургууль, цэцэрлэг, орон сууц барих тухай ч цогцолборынхон ярьж байсан юм.
Ч.МӨНХЗУЛ