Өнгөрөгч баасан гариг (аравдугаар сарын 2)-ийн нэгдсэн хуралдааны эхэнд ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн амь үрэгдсэн өдөр тул танхимд хүрэлцэн ирсэн гишүүд дурсгалыг нь хүндэтгэв. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гээгүйгээ онцлоод хэргийн учрыг хурдан олох хэрэгтэйг сануулсан юм.
ЦЭЦЭД ӨГСӨН “300 САЯ”-ЫГ ШАЛГАХ
АЖЛЫН ХЭСГИЙГ Ц.НЯМДОРЖ АХАЛНА
Ингээд УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх байсан ч хойшлууллаа. УИХ-ын гишүүнээс Засгийн газрын гишүүн, сайдыг ганц нэгээр нь сугалан огцруулах тогтоолын төсөл санаачилдаг эрхийг нь салгах гэсэн агуулга бүхий дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүн Ц.Нямдорж горимын санал гаргасан.
Тэрбээр юуны түрүүнд ажлын хэсэг байгуулахыг шаардав. Учир нь Үндсэн хуулийн цэц дээрх дүгнэлтийг гаргахаасаа өмнөхөн ойдоо зориулан Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 300 сая төгрөг гаргуулсан гэх яриаг ажлын хэсэг шалгах ёстой гээд “Одоо бүр Цэц нь Үндсэн хуулиа зарж иддэг болох нь” хэмээн бухимдаж байсан юм.
УИХ-ын дарга ч “Цэцийн дүгнэлтийг одоо хэлэлцэх нь цаг хугацааны хувьд таарамжгүй байна. Тиймээс ирэх долоо хоног хүртэл хойшлуулж, энэ хугацаанд ажлын хэсэг энд яригдаж байгаа зүйлсийг магадалж тодруулах нь зүйтэй” гэж байлаа.
Тус ажлын хэсгийг Ц.Нямдорж гишүүн ахална. Үүнээс гадна Ц.Нямдорж гишүүн Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэхийг хойшлуулах санал гаргасан юм. Энэ нь Өршөөлийн хуулийн талаар Улсын дээд шүүхээс Цэцэд хандсантай холбоотой аж.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэхүү хуулийн төслийн талаар гишүүд нэгдсэн ойлголцолд хүрч чадаагүй байгаа тул ажлын хэсэг байгуулж, Байнгын хорооны түвшинд эргэж хэлэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр завсарлага авах хүсэлтэй буйгаа мэдэгдсэнийг УИХ-ын дарга хүлээн авч, тав хоногийн завсарлага өгсөн.
Тэрбээр “Хууль зүйн байнгын хороо өчигдөр орой (өнгөрөгч пүрэв гариг) хуралдах үеэр олон будлиан гарсан, нухацтай хэлэлцээгүй. Жишээ нь, гишүүн Р.Гончигдорж Өршөөлийн хуулийг хэлэлцэж дууссан учраас үүнийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн. Санал хураахад албан тушаалын гэмт хэргийг өршөөх санал дэмжигдсэн.
Үүнтэй холбоотойгоор Ё.Отгонбаяр, Ц.Нямдорж, Ш.Түвдэндорж нарын гишүүдийн хамт санал гаргасан ч цөөнх болсон. Ээлжит бус чуулганаар авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөлд хамруулахгүй гэж 49 гишүүн санал өгсөн учраас энэ зарчим алдагдах ёсгүй. Тэгээд ч Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн материалыг гишүүдэд тараагаагүй байна” гэж байсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг авчруулан харчихаад, “Тараах гээд байгаа материалд чинь саналын томъёолол алга байна” гэснийг тэмдэглэе. Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Энэ талаар Улсын дээд шүүхээс тодруулсан. Эрүүгийн танхимын хэдэн шүүгч асуудал тавьсан гэсэн. Энэ нь хүчин төгөлдөр бус юм байна. Иймээс хэлэлцээд явах боломжтой. Хэдхэн хоногийн өмнө матрын нулимс унагаж, “Өчнөөн хүн хүлээж байна” гээд байсан хүмүүс одоо ямар нэг шалтаг олж хойшлуулах гэж байна.
Хууль зүйн байнгын хороо 20.00 цаг хүртэл хуралдсан. Өвөл болж байна, хүмүүсээ чөлөөлье. С.Бямбацогт оо, чи шахалт, дарамтад ороод байгаа юм уу” гэж байлаа. Завсарлага энэ долоо хоногийн пүрэв гаригт дуусаж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Тэр үед МАН-ынхан “матрын нулимс” унагав уу, магадалж нягтлах гэв үү гэдэгт хариулт олдох биз ээ.
ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙВ
Мөн өдрийн үдээс хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын явцын талаар мэдээлэл хийв. Түүний мэдээлснээр эрчим хүчний салбарын хэмжээнд үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 90 (есдүгээр сарын 20-ны байдлаар), төвийн бүсийн эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 60 хувьтай байгаа аж.
Хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд хадлангийн 65.9, тэжээлийн 63 хувийг бэлтгээд байна. Есдүгээр сарын 30-ны байдлаар ургац хураалтын явц 33.8, хүнсний ногооны хураалт 68.1 хувьтай үргэлжилж буй гэнэ. Ургац хураалтын дүнг үндэслэн 100 мянган тонн хүнсний улаан буудай, 20 хүртэл мянган тонн үрийн улаан буудайн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 80 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэлээ.
Эрүүл мэнд, боловсролын салбар өвлийн бэлтгэлээ 85- аас дээш хувьтай базаасан юм байна. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь цөөнхийн бүлгийг төлөөлж МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үг хэлсэн. Үүний дараа хуралдааны дэгийн дагуу МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс өвөлжилтийн бэлтгэл ажил болон нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар асууж, тодруулсан юм.
Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Төрөөс улаан буудайн тонн тутамд нь урамшуулал өгөхөөс гадна хөрсөө бордоход нь дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл боловсруулж байна. Хэр зэрэг улаан буудай худалдаж авна, түүнд нь дүйцүүлэн импортын буудай өгнө гэсэн шаардлага тавьж байгаа. Импортоор харьцангуй хямд буудай оруулж ирнэ” гэсэн юм.
Б.УРАН