УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Б.Цогтгэрэл тэргүүтэй хүмүүс Шилэн данс хөтөлдөггүй албан тушаалтнуудын нэрсийг олон нийтэд зарлаж, АТГ-т хүргүүллээ.
Б.Цогтгэрэл нь өмнө нь өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Шилэн дансны тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмыг төрийн байгууллагууд хэрхэн мөрдөж байгааг олонд зарлаад байсан юм.
Энэ үеэр Б.Цогтгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Шилэн данс хөтөлдөггүй албан тушаалтнуудын нэрийг дурдаж болох уу?
-Төрийн байгууллагууд худалдан авах ажиллагаатай холбогдсон таван саяас дээш гүйлгээ бүрийг байгууллагынхаа шилэн данс буланд ил тод нийтлэж байх үүрэгтэй. Гэвч Шилэн дансны тухай хууль хэрэгжээд 10 сар өнгөрсөн боловч огт хэрэгжүүлдэггүй, хэрэглэдэггүй компани болон дарга нар олон байна. Уг хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу иргэний хяналт хэмээх үүргээ бид биелүүлж эхний ээлжинд 7 хүнийг АТГ болон Аудитын газарт шалгуулахаар өгч байна. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Ц.Даваасүрэн захиралтай Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Л.Пүрэвбаатар даргатай УБТЗ-ын хамт олон, Х.Болор-Эрдэнэ захиралтай “Монголросцветмет” компани, Д.Батжавхлан захиралтай Дарханын төмөрлөгийн үйлдвэр, Ц.Оюундарь захиралтай МҮОНТ шилэн дансаа хөтлөөгүй юм.
-АТГ-аас хариуг хэд хоногийн дотор өгөх вэ?
-Хуулинд зааснаар 14 хоногийн дотор хариу өгөх ёстой.
-Хэрэв ямар нэг үр дүн гарахгүй бол та бүхний зүгээс дараагийн арга хэмжээ юу байх вэ?
-Төсвийн мөнгийг зориудаар ашигласан, улсын мөнгө хөрөнгийг шамшигдуулсан гэх үндэслэлээр дээд шатны байгууллагад хандана. Мөн бид Шилэн дансны гүйлгээгээр их хэмжээний төгрөгийн гүйлгээ хийсэн ноцтой асуудлыг дэлгэхээр баримт цуглуулж байгаа. Тухайлбал, 200 орчим тэрбумын сэжиг бүхий гүйлгээ, мөн улсын хөрөнгийг үргүй зүйлд зарцуулсан, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийсэн гэх материал гээд одоогийн байдлаар бичгийн цаасан дээр жагсаагаад бичихэд 83 хуудас материал болох баримт бий.
Г.Оюунтогтох
-