УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар Богдхан уулын зарим нутаг дэвсгэрийг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод 2013 оны есдүгээр сарын 6-ны өдөр өргөн барьсан билээ. Учир нь Хан-Уул дүүргийн XI хороо буюу Зайсан орчимд газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд зориулалтаа өөрчлөн орон сууцны хороолол баригдсанаар суурьшлын бүс үүссэн байсан аж. Мөн түүнчлэн Хан-Уул дүүргийн IV болон XI хорооны нутаг дэвсгэр Зайсанд 40-50 жил амьдарсан иргэд одоог хүртэл хууль ёсны газаргүй байгаа юм байна.
Тиймээс эхний ээлжинд энэ оны зургадугаар сард Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэдэд газар ашиглалтын гэрчилгээг олгосон байна. Ингэхдээ юун түрүүнд төрийн захиргааны төв байгууллагаас зохих ёсны дагуу газар ашиглах эрх авсан, иргэний аж ахуйн нэгж байгууллагатай давхцаагүй, инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтэцтэй газарт газар нь олгогдоогүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц гарц таглаж буугаагүй нийт 302 иргэнд газар ашиглах эрхийг нь олгосон аж. Тодруулбал, ХУД-ийн 11 дүгээр хорооны 706 иргэнээс 186 иргэн, IV хорооны 228 иргэнээс 116 нийт 302 иргэн газартай болсон байна.
Гэтэл өнөөдөр газрынхаа гэрчилгээг авч чадаагүй 200 гаруй иргэн БОНХАЖЯ-нд хандлаа. Тухайлбал, үүнээс 151 нь ямар нэгэн аж ахуйн нэгжтэй давхцаагүй бол үлдсэн нь компани, аж ахуйн нэгжүүдтэй давхцсан газар байгаа аж. Тэд газраа авахаар удаа дараа шаардлага хүргүүлж байсан боловч өдийг хүртэл тоймтой арга хэмжээ авч байгаагүй учир өөрсдөө гарын үсгээ цуглуулж, салбарын сайдад гардуулан өгч, сайд болоод бусад ажлын хэсгийнхэнтэй уулзалт хийжээ. Тэдний ярьж буйгаар давхцалтай газрын иргэд гэр орондоо амар тайван амьдрах нөхцөлгүй болоод байгаа ба давхцсан компанийнхан өдөр шөнөгүй ирж дарамталж, хашаа хороог нь нурааж байгаа талаар хэлсэн юм. Уулзалтад нийтдээ 40-50 иргэн ирсэн бол хоцорч ирээд орж чадалгүй хаалганы гадаа үлдсэн олон иргэн байсан юм. Энэ үеэр тэдэнд тулгараад буй нөхцөл байдлын талаар тодруулсан юм.
ХУД-ийн 11 дүгээр хорооны V хэсгийн оршин суугч З.Мөнхжаргал: Айсандаа үг дуугарч ч чадахаа байлаа
Би Зайсанд 40 гаруй жил амьдарч байна. Энэ хугацаанд газар ашиглалтын гэрчилгээгээ авах гэж олон ч сайдын нүүр үзлээ. Манайхыг “ZML” компанитай давхцалтай байна гэсэн. Энэ компани хуурамч бичиг баримт бүрдүүлж ирчихээд өдөр, шөнөгүй дарамталж байна. Үүрийн дөрвөн цагт ирчихээд манай хашааг нураагаад өөрсдийнхөө хашааг барьчихсан. Тэгээд тэмцэх гэхээр олон залуучууд гарч ирээд хүүхнүүдийг чинь үсдэж аваад байх юм. Айсандаа үг дуугарч ч чадахаа байлаа. Уг нь насаараа л амьдарсан юмсан. Үхэхдээ газар ч үгүй хоцорч магадгүй л болоод байна даа. Энэ талаар салбарын сайдад хэлье гэсэн чинь иргэний үнэмлэхээ авчраагүйн улмаас орж чадахгүй үүдэнд нь хүлээгээд зогсож байна.
ХУД-ийн 11 дүгээр хорооны I хэсгийн оршин суугч Л.Туяа: Уг нь газартаа хоёр ч удаа кадарстрын зураг хийлгэж байсан юм
Манайх ч мөн адил “Мухар улиастай” гэдэг компанитай давхцалтай байгаа. Би Зайсанд 54 орчим жил амьдрахдаа ийм нэртэй компанийн нэр сонсож байсангүй. Гэтэл энэ зунаас гэнэт гарч ирчихээд биднийг хөөж туугаад байгаа. Ихэвчлэн шөнө ирж, амар тайван байдал алдагдуулдаг. Шөнө ч тайван унтаж чадахаа байлаа. Уг нь манайх газартаа хоёр ч удаа кадастрын зураг хийлгэж байсан. Гэхдээ тэр бүрт кадастрт оруулж болохгүй байна гэсэн хариу ирдэг. Мөнгөтэй талд л үйлчлээд байна уу гэж бодох юм.
ХУД-ийн 11 хорооны IV хэсгийн оршин суугч Ц.Өнөржаргал: Газрын асуудлаас болж цус харвасан хүн ч бий
Өмнө нь Дархан цаазат газар байсан болохоор газар ашиглалтын гэрчилгээг олгох боломжгүй байсан. Гэтэл 2013 оноос олгож эхэлдэг болсноос хойш бидний газарт шунах компаниуд олширсон. Түүнээс хойш газраа өөрсдийнхөө нэр дээр болгохоор хөөцөлдсөн ч аж ахуйн нэгжтэй давхцалтай байна гэдэг болсон. Тэгээд шүүхэд өгөх гэхээр бидэнд хорооны тодорхойлолтоос өөр зүйл байхгүй. Харин нөгөө компаниуд чинь хуурамч материалууд хийлгэчихдэг болохоор бидэнд ялах найдвар маш бага. Газрын асуудлаас болоод цус харвасан хүн ч бий.
ХУД-ийн 11 дүгээр хорооны IV хэсгий оршин суугч Д.Алтанчимэг: Орон гэртээ тайван унтаж чадахаа байлаа
Би Зайсанд долдугаар ангид байхдаа нүүж ирж байсан. Манайхтай “Арвин зайсан”, “Терратур” гэх мэт 2-3 компани давхцалтай байгаа. Угтаа бол нэг л эзэмшигчийн нэр дор байдаг юм билээ. Зайсанд ер нь ихэвчлэн хөгшчүүл, тэтгэврийнхэн, групп тогтоолгосон, амьдарлын боломж тааруу иргэд оршин суудаг. Тийм болохоор ихэвчлэн шөнө ирж үймээн тарьдаг. Бид энэ тухай удаа дараа мэдэгдэж байсан боловч ойшоож үздэггүй. Орон гэртээ ч тайван унтаж чадахаа байлаа. Хаанаас, хэн гарч ирээд юу сүйтгэх бол гэдэг айдастай л байдаг болсон. Ер нь маш их дарамтан дор амьдарч байгаа. Энэ тухай холбогдох албаныханд хэлэх гэтэл хурлын танхим дүүрсэн, багтахгүй байна гээд оруулахгүй юм.
Хурлыг хүлээж суусан иргэд ийн ярьж байлаа. Үүнээс нэг цаг орчмын дараа сайдтай уулзсан иргэд гарч ирсэн юм.
11 дүгээр хорооны иргэн Ш.Бороо: Асуудлыг аль болох бидний талд шийдэж өгнө гэсэн
Салбарын сайдтай уулзаж өөрсдөдөө тулгараад буй асуудлын талаар хэллээ. Хариуд нь сайд чадвал долоо хоногийн дотор газар дээр очиж, танилцана гэлээ. Тэгээд аль болох бидний талд шийдвэрлэж өгнө гэдгээ хэлсэн. Гэхдээ давхцалтай газар байгаа бол шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй гэсэн.
11 дүгээр хорооны I хэсгийн оршин суугч М.Оюунчимэг: Давхцалгүй айлуудын гэрчилгээг өгнө гэлээ
Давхцалгүй айлуудын гэрчилгээг энэ ондоо багтаагаад олгоно гэсэн шийдвэр гарлаа. Харин давхцалтай айлуудын хувьд шүүхээр шийдвэрлүүлэхээр болж байх шиг байна.
11 дүгээр хорооны иргэн Б.Өлзий-Амгалан: Сайд өөрийн биеэр очиж танилцана
Манайх гурван үеэрээ энэ газарт амьдарч байна. Өдийг хүртэл газрынхаа гэрчилгээг авч чадаагүй. Харин сая давхцалгүй айлуудад гэрчилгээг нь 12 дугаар сар гэхэд өгнө гэж сайд өөрөө хэллээ. Тэгээд энэ долоо хоногтоо багтаагаад уугуул иргэдтэй уулзаж, газар дээр нь очиж нөхцөл байдал ямаршуу байгааг өөрийн биеэр үзнэ гэсэн. Ажлын хэсгийг ч гаргана гэдгээ мэдэгдсэн. Мөн давхцалтай айлуудын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж өгнө гэж байсан.
11 дүгээр хорооны I хэсгийн оршин суугч О.Отгонтөгс: Тодорхой шийдэлд хүрч чадсангүй
Удирдлагууд шийдтэй хариу өгч чадахгүй байна. Сайдын хувьд ямартай ч энэ намартаа багтаагаад шийдэж өгнө л гэлээ. Харин БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар тэргүүтэй удирдлагууд ер нь хэцүүхэн л асуудал гэж хэлж байсан.