Монголын элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи веритас” оношилгооны төв, АНУ-ын эм үйлдвэрлэгч MYLAN компани хамтран, ЭМСЯ, нийслэлийн Нийгмийн халамж, үйлчилгээний газрын дэмжлэгээр “Амьжиргаа” төсөл хэрэгжүүлэхээр болсноо мэдэгдэв. Манай улсын нийт хүн амын 10 хувь нь В вирустэй, элэгний хатууралтай өвчтөнүүдийн 39 хувь нь уг вирусийн улмаас өвчилсөн байдаг. С вирус бүрэн устдаг ч В нь эсрэгээрээ. Мөн элэгний D буюу “Дельта” вирус нь зөвхөн В-тэй хүнд халддаг юм байна. Ийм хавсарсан вирус тээгчид элэгний хатуурал, хавдраар түргэн өвддөг гэнэ. Одоогоор дэлхий нийтэд элэгний В вирусийг “Тенофовир” эмээр эмчилж буй бөгөөд хамгийн үр дүнтэйд тооцогдож байна. Уг эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн, хэдэн жилийн өмнөөс эмийн сангуудаар борлуулж ирсэн ч үнэ нь хэтэрхий өндөр учраас иргэд төдийлэн авч уух боломжгүй байжээ.
Харин ЭМСЯ, нийслэлийн ИТХ, Ази, Номхон далайн болон Монголын Элэгний эмгэг судлалын холбоо, “Хаппи веритас” оношилгооны төвийнхөн хамтарч, уг эмийг үйлдвэрлэгч АНУ-ын MYLAN компанитай гэрээ байгуулж, Монгол Улсад дээрх төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр монголчууд хамгийн хямд үнээр “Тенофовир” эм авах боломж бүрдээд байна. Эхний ээлжинд 300 хүнд уг эмийг 90 хувийн хөнгөлөлттэй үнээр олгожээ. “Эдгээр хүнд хийсэн эмчилгээний үр дүн маш сайн байгаа” гэж “Хаппи веритас” оношилгооны төвийнхөн хэлэв. Тэд цаашид 5000 хүнийг ийм эмчилгээнд хамруулах болсныг албан ёсоор зарлалаа.