Засгийн газрын 149 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын ээлжит 10 хоногийг энэ сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион явуулж байна. Энэ хүрээнд ХӨСҮТ аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газарт “Нөхөн дархлаажуулалтын 10 хоног” зохион байгуулах зөвлөмж хүргүүлжээ. Ингэхдээ долоо, 15 настнуудыг заавал хийх товлолын дагуу сахуу, татрангийн вакцинжуулалтад бүрэн хамруулах, товлолоос хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулах, шинээр бүртгэгдэж буй улаанбурхан өвчний сэжигтэй голомтыг нарийвчлан судалж, шаардлагатай бол үүний эсрэг вакцин хийхийг үүрэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 150.842 хүн амбулаториор үйлчлүүлсний 6961 нь томуу, томуу төст өвчтэй байна гэж ХӨСҮТ-өөс мэдээлэв. Ийм өвчтэй хүмүүсийн 89.4 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж буй бол эдгээрийн 71.1 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд байна. Улаанбаатар хотод амбулаториор үйлчлүүлсэн хүмүүсийн 3845 нь томуутай. Найман дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 35.8 хувийг уг өвчний шалтгаантай дуудлага эзэлж, өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар нэмэгдсэн аж. Уушгины үрэвсэл, амьсгалын замын цочмог халдварын улмаас 345 хүн эмнэлэгт хэвтжээ.