Дэлхийн багш нарын өдөр болон Монголын багш нарын баярын 49 дэх өдрийг тохиолдуулан 2015 оны шилдэг сургууль, цэцэрлэг, багш нарт шагнал гардуулах ёслол өнөөдөр БСШУЯ-нд боллоо.
БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр ёслолын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын боловсролын салбарын чанарыг багш, оюутан, сурагч, хүүхэд нэг бүрийн хөгжлөөр тодорхойлон өндөр үүрэг, хариуцлагатай ажиллаж буй үе үеийн ачтан багш нартаа Дэлхийн болон Монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүлж, Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол Улс боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын алсын хараа, эрхэм зорилгыг “ХҮҮХЭД бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч, шийдвэр гаргах чадвартай иргэн болгон төлөвшүүлж, мэдлэгт суурилсан нийгмийг бүтээн байгуулах Дэлхийд өрсөлдөх “МОНГОЛ ХҮН”-ий төлөө” хэмээн тодорхойлон хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй багш нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэлээ.
Энэ жилийн Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг улс орон, боловсролын хөгжилд багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон "Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийг хөгжүүлье" хэмээх уриатай тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
Оны тэргүүний багшаар:
- Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р сургуулийн бага ангийн багш Б.Гансайхан
- Дорнод аймгийн Хэрлэн сумын 12-р сургуулийн бага ангийн багш О.Мөнхгэрэл
- Завхан аймгийн Чандмань-Эрдэнэ сургуулийн химийн багш Ц.Чимэдрэгзэн нар шалгарсан бол
Улсын тэргүүний цэцэрлэгээр:
- Нийслэлийн БЗД-ийн 22-р цэцэрлэг
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15-р цэцэрлэг
- Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Нарлаг” цэцэрлэг шагналаа гардан авлаа.
Харин Улсын тэргүүний сургуулиар:
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургууль
- Монгол-Оросын хамтарсан сургууль
- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р сургууль тус тус шалгарсан юм.
Энэ үеэр Оны шилдгээр тодорсон багш нар болон сургуулиудын төлөөллийн сэтгэгдэлийг сонслоо.
Завхан аймгийн улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн химийн багш “Ц.Чимэдрэгзэн: Би боловсролын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. Багш хүн судлаач байх ёстой гэдэг зарчим баримтлан, маш нарийн судалгааг сурагч бүр дээр хийж, сурах үйлд сэдэлжүүлэхэд онцгой анхааран ажиллахыг эрмэлздэг. Одоогоор химийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр анги дааж авч ажиллаж байна.Хөдөлмөрөө үнэлүүлж нэр хүндтэй шагналын эзэн болоход тусалсан сургуулийн хамт олон болн шавь нартаа чин сэтгэлээсээ баярлалаа.
Дорнод аймгийн Хэрлэн сумын 12-р сургуулийн бага ангийн багш О.Мөнхгэрэл: Миний хувьд бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг хичээн ажиллаж, хүүхдэд өөртөө итгэх итгэл, бие дааж ажиллах чадвар суралцахад их анхаардаг. Сурагчдын төлөө чин сэтгэлээсээ ажиллаж, тэднийг сайн сонсдог, ойлгодог, хүндэтгэн харилцдаг” гэж эцэг эхчүүдэд үнэлэгдсэн амжилтаараа оны тэргүүний багш боллоо. Нийт багш нартаа баярын мэнд хүргье.
Дорноговь аймгийн Сайншанд сумын 2-р сургуулийн бага ангийн багш Б.Гансайхан: Сурагчдын авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэхэд онцгой анхаарч, сурагч нэг бүрээр бүтээл хийлгэн, өөрөөрөө бахархах, өөртөө итгэх итгэлийг төрүүлэн, хүүхэд бүрт сурах арга барил эзэмшүүлэх, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хамтарч суралцах, багаар ажиллах зэрэг чадварыг хөгжүүлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд гаргасан ахиц амжилтыг маань төрөөс үнэлж энэ шагналыг өгч буй юм байна. Монголын бүх багш нарт баяр хүргье. Сурган хүмүүжүүлэх их ухаан тань дундрашгүй байх ерөөлийг дэвшүүлж байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р сургуулийн эрхлэгч С.Энхтуяа : Манай сургуулийн хувьд хүүхдийг хөгжлийг дэмжих чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудтай идэвх санаачлагатайгаар хамтран ажилаж, боловсролын шинэчлэлийн бодлого, “Ном”, “Авьяас” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Түүнчлэн Дэлхийн зөн ОУ-ын байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг суралцах, хөгжих тэгш боломжийг хангах, туслан дэмжих, хамтран суралцах сургалтын болон сэтгэлзүйн таатай орчинг бүрдүүлсэн амжилтаараа улсын тэргүүний сургууль боллоо. Өнөөдрөөс эхлэн энэ эрхэм хүндтэй цолоор дуудуулан ажиллах сургуулийнхаа хамт олонд өлмий бат, мэлмий тунгалаг, оюун хол, ухаан цэлмэг байхын ерөөлийг дэвшүүлье.