Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Д.Цогтбаатарыг өнгөрсөн долоо хоногт Авдрант дахь ШШГЕГ-ын харьяа хорих 403 дугаар ангиас шилжүүлэн Цагдан хорих 461 дүгээр ангид авчирчээ.
Зарим эх сурвалж ийнхүү шилжүүлснийг нь олон улсад эрэн сурвалжлагдаж, Монголд 11 жил бүгж байгаад өвчний улмаас нас барсан ХБНГУ-ын иргэн болон түүнтэй хамтран амьдарч байсан Ё.Гантуяа нарт холбогдох хэрэгт шалгахаар шилжүүлсэн байж болзошгүй талаар мэдээлж байв.
Тэгвэл Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн нь түүний бусдыг гүтгэсэн гэх хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх болсонтой холбоотой байжээ. ТЕГ-ын дарга Б.Хурцыг гүтгэж, гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан гэх хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр дахин хэлэлцээд гурван сар нэг хоног баривчлах ял ногдуулав.
Уг ялыг нь өмнөх хэргийн буюу төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн хэрэгтэй нь нэгтгэн таван жил хорихоор боллоо.
Тус шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ хэргийг хэлэлцээд яг дээрх шиг ял ногдуулж байсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.
Г.РАВЖАА