Нэг улсын дугаарыг 3-4 тээврийн хэрэгсэл зүүж явах тохиолдол цөөнгүй. Үүнээс гадна нэг дугаарыг 2-3 машин дундаа хэрэглэдэг тохиолдол ч байдаг. Тухайлбал, өнгөрсөн онд нэг дугаарыг долоон машин зүүж явсан тохиолдол гарч байв.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Гансүх “Торгуулийн хуудас гэрийн хаягаар хүргэдэг болсноос хойш давхар дугаарын зөрчил илэрч эхэлсэн. 2013 онд давхар дугаарын зөрчил 144 бүртгэгдэж байсан бол өнгөрсөн онд 189, энэ оны эхний есөн сарын байдлаар 179 зөрчил бүртгэгдсэн.
Энэ нь давхар дугаарын зөрчил улам ихэсч байгааг харуулж буй юм. Давхар дугаар илэрсэн тохиолдолд манай байгууллага Замын цагдаагийн газарт албан тоот явуулдаг. Тухайлбал, 0303 УБТ гэсэн хоёр дугаар байна, зөрчлийг арилгаарай гэсэн бичиг явуулна гэсэн үг. Харин ЗЦГ-аас тухайн хоёр иргэний хэн түрүүлж тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлсэнд нь дугаарыг нь үлдээдэг” гэлээ.
Автомашинд улсын дугаар олгох ажлыг Автотээврийн үндэсний төв хариуцдаг. Энэ талаар тус төвийн Техникийн хяналт, бүртгэл хариуцсан дэд захирал Т.Баясгалангаас тодрууллаа.
-Давхардсан дугаар элбэг боллоо гэсэн мэдээлэл байна. Нэг дугаарыг яагаад давхардуулж олгодог юм бэ?
-Автомашины улсын дугаарыг ЗЦГ олгож байгаад манайх руу шилжүүлсэн. Үүнээс хойш архивын сангаа үүсгээд, картыг нь бүгдийг нь шивж оруулахад тус газраас олгосон дугаар цахим санд ороогүй байдаг. Цахим сангаас дугаар шүүгээд байхгүй бол бид тухайн дугаарыг олгодог юм.
Гэтэл тэр дугаарыг нь ЗЦГ-ынхан өгчихсөн байдаг. Түүнээс биш манай байгууллага улайм цайм олгочихсон асуудал байхгүй.
-Тэгэхээр 2009 оноос өмнө олгосон дугаарууд давхардаад байгаа гэж ойлгож болох уу?
-Ер нь бол тийм.
-Тэгвэл зөрчлийг яаж арилгаж байна вэ?
-Наадах чинь их төвөгтэй асуудал. Дугаар авсан он, сарыг харна. Гэтэл зарим эзэмшигчид нь “Би энэ дугаарыг авахдаа мөнгө өгсөн” гэдэг. Харин давхардсан дугаартай явах эвгүй байна, дугаараа солиулъя гэсэн хүмүүст тухайн дугаартай нь дүйцэхүйц дугаараар сольдог.
Ерөнхийдөө нэг дугаарыг хоёр хүн эзэмшиж байвал түрүүлж авсан хүний дугаарыг нь үлдээж, сүүлд авсан хүнийх нь дугаарыг сольж өгдөг. Ер нь аль алийг нь буруутгаж болохгүй төвөгтэй асуудал үүсдэг юм. Гэхдээ сүүлийн үед дугаарын давхардал гарах нь багассан.
-Энэ оны эхний есөн сарын байдлаар 179 тохиолдол бүртгэгдсэн юм билээ?
-179 гэдэг тийм ч их биш. Багасчихаад байгаа нь тэр.
Г.БАЯРЦЭЦЭГ