Ялбагийн Хуст нарийн гэдэг газар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийг Ёс зүйн хорооны хурлаар ороход хүргэсэн “Баян суут” хэмээх компанийн захирал Цэцгээгийн Баярцогт чухам ямар хэрэгт холбогдсон бэ гэдгийг бид нэхэн сурвалжиллаа.
Одоогоос нэг сарын өмнө тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарыг Шүүгчийн ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэх болсон шалтгаан нь “М.Алдар эрүүгийн хэргийн холбогдогчийг цагдан хорих шийдвэрийг үндэслэлгүйгээр өөрчилсөн. Үүнээс болж сэжигтэн нь батлан даалтад байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн” гэсэн гомдол ирсэнтэй холбоотой.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт хууль бусаар алт олборлож байсан “Баян суут” компанийн захирал Ц.Баярцогтыг өнгөрсөн зургадугаар сард Мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн хоёр ч зүйл ангид зааснаар сэжигтнээр тооцон прокурорын саналаар тухайн үеийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн шүүгчийн захирамжаар 14 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн юм.
Гэвч тэрбээр өмгөөлөгчийнхөө хамт ерөнхий шүүгч М.Алдарт хандсанаар цагдан хоригдохоо больсон аж. Тэрбээр хууль бусаар алт олборлосноос гадна бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Ийнхүү батлан даалтад гарсныхаа дараа тэрбээр алт олборлож байсан дээрх газартаа нэг бус удаа очиж, хууль зөрчсөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн аж.
Тэр болгонд нь хууль хяналтын байгууллагынхан, шинжээчид очиж, экологид учирсан хохирлыг тооцоод явдаг гэнэ. Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж байгаа дээрх “Баян суут” компанийн захирал чухам хэчнээн төгрөг ямар аргаар хэнээс залилсан бэ гэдгийг бид сурвалжилсан юм.
Гэвч прокурорууд танил тал, ар өврийн хаалгаар “Алтан дорнод Монгол”-д холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, “Монгол газар”-ын Ц.Мянганбаярыг л эрүүгийн хариуцлагад татаж, торгох ял шийтгүүлж байсан. Тэдний нэгэн адилаар “Баян суут” компанийн захирал Ц.Баярцогт нөхөн сэргээлт нэрээр аж ахуйн нэгжүүдэд алт олборлуулах арга мэх хэрэглэсэн аж.
Уг хэргийн учгийг хөвөрдвөл, иргэн Д.Батбаярт хандаж “Найдвартай газар байна. Хөрөнгө оруулаач” хэмээн хуучны танилаар нь дамжуулж, Ц.Баярцогтын танил болох Д.Ууганбаатар гэдэг хүн ирж уулзжээ. Ингэхдээ “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт 200 кг алтны нөөцтэй, тусгай зөвшөөрөлтэй, маш найдвартай газар байна. Хөрөнгө оруулаач, мөнгийг чинь 100 хувь өсгөж, 14 хоногийн дотор эргүүлж өгнө” хэмээсэн байна.
Уран нарийн үгэнд нь үнэмшсэн иргэн Д.Батбаяр түүнд бэлэн мөнгө, техник хэрэгсэл гээд 115 сая шахам төгрөгийн санхүүжилт, хөрөнгө оруулалт хийжээ. Мэдээж энэ үйлдэл бол бусдын итгэлийг олж авах замаар залилан мэхэлсэн гэмт хэрэг гэдэг нь тодорхой байгаа юм.
Д.Ууганбаатар Д.Дашдэмбэрэл, Ц.Дашдондог нар Д.Батбаяраас мэхэлж авсан мөнгөөрөө сар гаруйн хугацаанд алт олборлож үзсэн гэнэ. Нэг сарын дараа “Ажиллаж чадахгүй нь. Алттай шороогоо гаргачихлаа. Өөрөө ирээд угаагаад ав” гэжээ. “Шаварт унасан шарын эзэн хүчтэй” гэдгээр Д.Батбаяр өөрөө тэнд ажиллаж үзэв. Тэгэхэд нь Ц.Баярцогт “Бид газрын эзэн, та нар хувиа өг” хэмээн удаа дараа нэхэж шаардаж байсан гэнэ.
Энэ бүхний дараа түүний хамтрагч болох Д.Ууганбаатар нь “Одоо та нар буц, бид шинэ хөрөнгө оруулагч олсон. Өрийн бичгээ бидэнд үлдээ, өрийг чинь барагдуулна” хэмээн Ч.Ганболд гэдэг хүнийг дахин дагуулан ирж хэлсэн аж. Ингээд Ч.Ганболд нь тэнд ажиллаад бас л эд хөрөнгөө хий гарлагадаж буцсан байгаа юм.
Д.Ууганбаатар, Ц.Баярцогт нар эртний танил. Ц.Баярцогт газраа зарахын тулд Д.Ууганбаатараар зуучлуулж, өөрийн эзэмшлийн 15215х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг О.Зоригтбаатарт 300 сая төгр өгөөр худалдахаар гэрээ байгуулжээ. О.Зоригтбаатар нь уг мөнгөө Ц.Баярцогтод гүйцэд өгөөгүй учраас Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт өөрөө хүн хүч, техник гарган 2014 оны наймдугаар сараас алт олборлож эхэлснээр энэ хэрэг үүдсэн аж.
Ерөө сумын нутаг, Ялбагийн хөндийн Хуст нарийн гэх газарт ашигт малтмал олборлох ямар ч тусгай зөвшөөрөл олгоогүй гэдгийг албаны хүмүүс хэлдэг юм билээ. 2000 оны эхээр алт олборлоод нөхөн сэргээлт хийлгүй үлдээсэн газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх гэрээ Сэлэнгэ аймгийн Засаг дарга эрх бүхий компаниудтай байгуулжээ.
Гэрээндээ өмнө нь ашигласан хаягдал шороо буюу овоолгыг дахин угааж нөхөн сэргээлт хийх зардлаа гаргаж авах тухай заасан аж. Гэтэл Ц.Баярцогт захиралтай “Баян суут” компани дээрх газарт энд үйл ажиллагаа явуулахдаа гэрээнд заасан хаягдал шороог ашиглаагүйгээр барахгүй, шинээр хөрс хуулж, өмнө нь олборлолт хийгээгүй газарт алт ухаж эхэлсэн байгаа юм.
Мөрдөн байцаах газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн иргэн Д.Батбаярын гаргасан гомдлын дагуу тухайн бүс нутагт очиж, “Баян суут” компанийн үйл ажиллагааг шалгаж, техник хэрэгслийг нь битүүмжилсэн байдаг. Гэвч Ялбагийн хөрсийг сэндийчих ажлаа зогсоосонгүй, алт ухах, угаах ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм.
Тухайн орчимд намаржиж буй иргэдтэй өчигдөр утсаар холбогдоход “Хууль хяналтын байгууллагаас ирж шалгаад, үйл ажиллагааг нь зогсоогоод явдаг. Удалгүй лац ломбыг нь хөдөлгөөд л газар ухаж гардаг. Хэдхэн хоногийн өмнө Мэргэжлийн хяналтын байцаагчид ирэхэд “Үйл ажиллагаа явуулахгүй байгаа” гэж худлаа хэлээд явуулсан.
Уг нь тухайн газар нь “Урт нэртэй” буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, олборлохыг ашиглахыг хориглох тухай хуулийн үйлчлэлд хамрагдсан газар гэдгийг нутгийн иргэд нь бидэнд мэдээллээ.
Мөн “Баярцогтын уурхай үнэхээр даварч байна. Ямар ч хүнийг дотогш нэвтрүүлэхгүй, техник тоног төхөөрөмжөө нэмээд улам л улайран ажиллаж байна. Хууль мөнгөтэй, танил тал, ар өврийн хаалга сайтай, шүүхийг ч худалдаад авчихаж дөнгөдөг хүнд үйлчилдэггүй юм байна” хэмээн нутгийн иргэд нь цөхрөнгөө барж суугаа гэнэ.
Хохирогч буюу иргэн Д.Батбаяр “Мөрдөн байцаалтын ажиллагаа үнэхээр удаашралтай, хохирогч би хохирсон дээрээ хохироод л явна. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Сандагсүрэнтэй очиж уулзахад “Ц.Баярцогтын хууль бусаар ажиллаж байгааг бид мэдэж байна. Мөрдөн байцаалтын шатанд яваа хэргийн талаар та нарт тайлбарлах боломжгүй” гээд байдаг.
Гэтэл өнөөдрийг хүртэл Ц.Баярцогт нь хууль зөрчин олборлолт хийж, байгаль орчныг сүйтгэж, ашиг олж байгаа үйлдлийг хууль хяналтын байгууллагынхан таслан зогсоож чадахгүй байна. Энэ хэргийн ард олон хүн эд хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохироод байхад арга хэмжээ авахгүй байгаад бид үнэхээр гомдолтой байна.
Хэргийн нэг сэжигтэн болох О.Зоригтбаатарыг ч олж тайлбар, мэдүүлэг авах талаар арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай. Хэнд ч дийлдэхээ байсан Ц.Баярцогтыг ямар эрхтэн дархтан нь хаацайлж, өмгөөлж хамгаалан, бусармаг үйл ажиллагааг нь дэмжээд байгааг ойлгохгүй байна” гэж ярилаа. Байгаль орчныг сүйтгэж, нөхөн сэргээлт нэрээр дахин сүйтгэж байгаа энэ компанийн хууль бус үйл ажиллагааны талаар бид уншигчдадаа эргэн мэдээлэх болно.
Г.РАВЖАА