“Нормандын дөрвөл”-ийн гурав дахь уулзалт энэ сарын 2-нд Парист боллоо. Түүний зан сайтай эзэн нь Францын Ерөнхийлөгч Олланд байлаа. Елисейн ордон руу Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар ар араасаа орж ирэв.
Хоёрдугаар сард Минскэд болсон энэ “дөрвийн” уулзалт 16 цаг үргэлжилж, дээд амжилт тогтоосон юм. Францад болсон энэ удаагийн яриа хөөрөө үүнээс хавьгүй богино хугацаа эзэлж, бас ямар нэг баримт бичигт гарын үсэг зурсангүй.
Энэ нь олон юм хэлж буй хэрэг байлаа. Талууд ямар ч баримт бичиг боловсруулахгүйг Франсуа Олланд мэдэж байсан ч юм шиг. Тэгээгүйсэн бол ажлын цагийн хуваарь ийм байхгүй байсан биз. Уулзалт үдээс хойш 15 цагт эхлэх тул Елисейн ордны шөнийн гэрэл чимэглэлийг үзэж чадахгүй нь гэж олон хүн харамссан нь бараг л зөв байсан гэлтэй.
Уулзалтыг сунжраахгүй байх хүсэл Канцлер Ангела Меркельд ч байж. Албан ёсны бус мэдээллээр бол тэрбээр төлөвлөсөн яриа хөөрөө эхэлснээс хойш гурван цагийн дараа нисэхээр төлөвлөсөн байв. Түүнд ийн яарах шалтгаан байсан нь улс орноо нэгтгэсний 25 жилийн ойд зориулсан чухал арга хэмжээнүүд Германы удирдагчийг хүлээж байсан аж.
Үүний зэрэгцээ Францын телевизийн мэдээлэлд итгэвэл “Нормандын дөрвөл” Украиныг төдийлөн сонирхохгүй, тэдний ярианы сэдэв гагцхүү Сирид чиглэхийг улс төрийн тоймчид нь нэгэн дуугаар хэлж байв. Үнэндээ ч алс холын Ойрхи Дорнод өөрсдийнх нь дорнод нутгаас илүүгээр Европын түншүүдийн сэтгэлийг догдлоож байлаа.
Парисын цагаар үд болоход маршийн ая эгшиглэж, Оросын Ерөнхийлөгчийн машин Елисейн ордны хашаанд орж ирэв. Франсуа Олланд ч тосоод гарлаа. Тэд тэврэлдэж сүйд майд болсонгүй гар барилцаж харилцан инээвхийлээд, “жижүүрийн” хэдэн үг солилцов. Фото зурагчдад боломж олгох гэж хэдэн агшин саатлаа.
Путин, Олланд хоёр Ногоон танхимд орсноо мөн фото зурагчдад хэдэн секунд олгосноо Олланд гараа зангаж хэвлэлийнхнийг гарч явахыг хүсэв. Нэг цаг орчмын дараа дараагийн зочин морилсон нь Меркель байлаа. Олланд тэр хоёр эртний андын ёсоор уулзацгаав. Шатаар өгсөх замдаа тэд тэврэлдэж, хошуу хүргэлцэхэд Канцлерийн царай гэрэлтэв үү гэлтэй. Хар өнгийн хүрэм өмсөх дуртай тэрбээр энэ өдөр хөх цэнхэр өнгийг сонгосон байлаа.
Елисейн ордны онгорхой хаалгаар Оросын төлөөлөгчид сэтгүүлчдэд харагдаж байв. Путин Меркелийг хүлээн зогсоо нь илт. Тэдний хоёр талын уулзалт Элчингүүдийн танхимд болсон юм. Тэднийг тус бүрийнх нь дөрвөн туслагч дагалджээ. Түүнчлэн хэлмэрч байсан ч түүнийг “ашигласангүй”. Путин германаар ярилаа.
Украины Ерөнхийлөгчийн машин хамгийн сүүлд Ордны хашаанд орж ирэв. “Протоколын” дэг жаяг энэ удаа ихээхэн зөрчигдөж, Порошенко ямар нэг юмыг Олландад удаан ярилаа. Олландыг орох хаалга руу эргэхэд Украины Ерөнхийлөгч хэвлэлийнхэн рүү харж эрхий хуруугаа гозойлгов. Ерөнхийлөгчид уулзалт руу яарснаас хуруугаа гозойлгосны учрыг тэрбээр тайлбарлаж амжсангүй.
Хоёр талын уулзалтууд хийсний дараа “Нормандын дөрвөл”-ийн үндсэн хэлэлцээ эхлэх цаг боллоо. Түүнийг “Мюрат” хэмээх танхимд хийхээр төлөвлөсөн аж. Гэвч удирдагчид агаар салхинд яриагаа эхлэхээр шийдэж ордны хашаанд байх даруухан модон ширээний ард тухалцгаав. Тамхины үнсний сав хоосон байгаад байсан нь энэ уулзалтын үед илүүц зүйл байсных болов уу.
Тэгэхдээ Францын Ерөнхийлөгч гартаа янжуур барин бодолхийлж суух дуртай болсон гэсэн яриа бий. Дөрвөн удирдагч юу ярьсан талаарх мэдээлэл тун хомс байсан нь “Нормандын дөрвөл”-ийн гурав дахь уулзалтын онцлог чухам энэ байлаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Гол хүмүүсээс нэлээн зайтай газар хэвлэлийнхэнд байр зэхсэн байлаа.
Хаалганы дэргэд удирдагчдыг харуулдан зогсох, тэд яриа хөөрөө болсон газраасаа хэдэн удаа, ямархуу царай зүстэй гарч орохыг нь сонирхох боломж олдсонгүй. Гэлээ ч Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба биднийг тэтгэж байлаа. “Нормандын дөрвөл”-ийн яриа хөөрөө эхлэхээс өмнө Порошенко, Олланд хоёр байр сууриа уялдуулж, НҮБ-д өөрчлөлт хийх асуудлаар ч саналаа солилцсоныг чухам энэ албаныхан л бидэнд мэдээллээ.
Украины удирдагч Францын Ерөнхийлөгчийг албан ёсоор айлчлахыг бас уриад амжиж. Елисейн ордны эзэн юу гэж татгалзав гэж. Хэлэлцээрийн үр дүнг шаналан хүлээсэн сэтгүүлчдийг энэ удаад идэж, уусан юмаа тоочиж сатааруулсангүй. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл хоёрдугаар сарын 12-нд Минскэд болсон хуралдааны үеэр зочид шарсан өндөг, бяслаг, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж, хэдэн хувин кофе уусныг Александр Лукашенко эзэн хүний ёсоор анзаарсан байсан гэдэг.
Хатагтай Меркелийн бараа л харин үүдэн дээр нэг удаа зэрвэс харагдаж сэтгүүлчдийн анхаарлыг татахаас хэтэрсэнгүй. Даанч тэрбээр гарч ирсэнгүй. Яриа хэлэлцээний төгсгөл яалт ч үгүй хурдан шуурхай болж өнгөрлөө. Шатан дээр Путин, Олланд хоёр гарч ирэхэд сэтгүүлчид уулзалтын үр дүнгийн талаар өрсөлдөн асууж гарав “Сири” гэх үг хэд хэд дуулдлаа.
Оросын удирдагч гарынхаа алгыг чихэндээ наасан ч түүний сонорт зарим нэг салангид үг л сонсогдов бололтой. Ингээд Путин бидэнд ганц ч үг хэлэлгүй явж одлоо. Сүүлд нь Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны Дмитрий Песков уулзалтын дүнгийн талаар тайлбар хийсэн юм. Араас нь Порошенко машин руугаа хүрч ирэв.
Тал талаас нь англи хэл дээр асуулт цуварсан ч Украины төрийн тэргүүн мөн л саатсангүй, хэн нэгэнд баярласнаа явуут илэрхийлээд давхиад явчихлаа. Энэ үдшийн эзэн нь Олланд, Меркель хоёр болж үлдэв. Тэд бидэнтэй удаан байж, аятайхан мэдээлэл өгсөн гэж хэлэхээргүй ч амнаасаа хэд гурван үг яалт ч үгүй унагасан.
Тухайлбал, энэ удаагийн гол асуудал болсон Минскийн гэрээний үйлчилгээг 2016 онд шилжүүлэх тухайд талууд санал нэгдсэн гэх ойлголтыг Францын тэргүүн хэнд ч ойлгогдохоор хэллээ. Харин энэ талаарх мэдэгдэл нь зарим талаар хоёрдмол утгатай байсныг хэлэхээс аргагүй. Бид нэг өдрийн туршид Минскийн гэрээний хэрэгжилтийн үр дүнг цэгнэн, цаашдын төлвийг нь ярилцахыг хичээлээ.
Энэ хэлэлцээрийг бид бүх заалтаар нь хэрэгжүүлэх ёстой юм. Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээс хойш ч өнгөрснөөс илүү хугацаанд бид ажиллах ёстой болж байна гэж тэр хэлсэн юм. Анхаарал татсан дараагийн сэдэв нь сонгуулийн тухай асуудал байв. Энэ талаар үлдсэн хоёр удирдагч хоёул байр сууриа илэрхийллээ.
Украин, Донбасст болох байсан сонгуулийг хойшлуулахаар “Нормандын дөрвөл” тохиролцсон аж. Гол нь салан тусгаарлагчидтай яриа хэлэлцээ хийхийг Киевт үүрэг болгожээ. Салан тусгаарлагчдыг хэлэлцээр хийх эрхтэй тал биш гэж Украины Ерөнхийлөгчийн захиргаа үзээд түүнээс зайлсхийсээр ирсэн юм.
“Нормандын дөрвөл”-ийн энэ удаагийн хуралдааны хамгийн чухал үр дүн нь энэ байв. “Минскийн хэлэлцээрийн шаардлагыг биелүүлэх цогцолбор арга хэмжээ” нэртэй баримт бичгийг хэрэгжүүлэхийн тулд Киевт шахалт үзүүлсэн нь тодорхой боллоо. Хоёр удирдагчийн хийсэн мэдэгдлээс үзвэл сонгуулийн талаар Луганск, Донбассын БНУ-тай Украин ярьж тохирох шаардлагатай болжээ.
Гол нь Донбассын онцгой статусыг Укрианы Үндсэн хуулиар баталгаажуулж таарах нь. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар Рада руу илгээсэн багц саналаа Киев буцаан авч дахин боловсруулахаас аргагүй болж буй юм. Украины дотоод улс төрийн байдлаас үүдээд энэ нь нэлээд ярвигтай ажил байх нь гарцаагүй.
Бодвол чухам ийм шалтгааны улмаас Европын орнуудын удирдагчид Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх эцсийн хугацааг 2016 он руу шилжүүлэхээр, өөрөөр хэлбэл зөрчлийг царцаах үйл явцыг эхлүүлэх асуудлыг Украины асуудлаар яриа хэлэлцээ хийх төвд тавьсан хэрэг биз. Ингэх ч бодит шалтгаан байгаа нь Украины зүүн өмнөд нутаг дахь зөрчил мухардалд орж, Донбасст цус урсгахаа зогсоох нь л дипломат бодлогын цорын ганц зорилт гэж одоо үзэж болохоор байгаа юм.
Парисын энэ уулзалтад Сирийн асуудал хүчтэй нөлөөлсөн төдийгүй Европын удирдагчид хийгээд Владимир Путин хоёр талын уулзалт хийх нь маш их ач холбогдолтой гэж үзсэн. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрийн Песковын хэлснээр бол Ойрхи Дорнодод хийж буй Оросын Агаар-сансрын хүчний байлдааны ажиллагааны үндсэн зорилгын талаар Оросын удирдагчийн үгийг Европ сонсох хүсэлтэй байгаа аж.
Энэ утгаараа Германы Канцлер Меркель сэтгүүлчидтэй уулзахдаа “Украин эрхийнхээ дагуу нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг сэргээхийг хүлээж байгаа” гэснээ “Тэгэхдээ энэ нь одоогоор Крымд хамаагүй, бусад газар нутагт нь хамаатай” гэж нэмж хэлсэн нь сонирхол татна. Татьяана Маликяны бичсэнээс авлаа.
Р.ЖАРГАЛАНТ