Хан-Уул дүүрэгт байрлах “Буянт Ухаа 1” хорооллын 223 дугаар цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус цэцэрлэгийн хувьд хичээлийн хоёр байр, 5 бүлэг, 120 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд 30 багш ажилчинтай үйл ажиллагаа явуулах ёстой боловч цэцэрлэгийн насны хүүхэд их учраас 199 хүүхдийг хамруулаад байгаа аж.
Харин цэцэрлэг барих хөрөнгөд БСШУЯ-наас 39 сая төгрөг, “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөөс 10 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.
223 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Тунгалаг “Буянт-Ухаа-1” цогцолбор 1700 айл өрхтэй. Цэцэрлэгийн насны 450 хүүхэд байгаагаас энэ цэцэрлэг ашиглалтад орж 42 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжтой болж байгаа юм. Эхний ээлжинд 2 бага, 1 дунд, 1 ахлах, 1 бэлтгэл бүлэгтэй хичээллэж байна. Энэ цэцэрлэг хичээлийн хоёр байртай бөгөөд тус тус хоёр давхар, нэг анги 25 м2 талбайтай. Одоогийн байдлаар нэг ангид ойролцоогоор 35-40 хүүхэд суралцаж байна” гэлээ.
Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар баригдсан “Буянт-Ухаа 1” хороолол өнгөрсөн онд ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээж авсан юм. Харин 223 дугаар цэцэрлэгийн барилгыг мөн онд улсын комисс хүлээж авсан хэдий ч худалдаж авахад шаардагдах хөрөнгийг 2015 оны нийслэлийн төсөвт тусгаагүй учраас үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байсаар нэг жилийн нүүр үзжээ.
Харин Засгийн газрын 2015 оны тавдугаар сарын 18-ны ээлжит хуралдаанаар 223 дугаар цэцэрлэгийн барилгыг худалдаж авах 1 тэрбум 300 сая төгрөгийг 2016 оны төсөвт тусгахыг холбогдох албан тушаалтад даалгасан байна. Үүний дагуу нийслэлийн болон ХУД-ийн мэргэжилтнүүд тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсаны эцэст өнөөдөр нээлтээ хийж байгаа нь энэ аж.
Дашрамд дурдахад, энэ онд Хан-Уул дүүрэгт шинээр 150 ортой цэцэрлэг, бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор болох гурван барилга ашиглалтад орох бол 27 дугаар цэцэрлэгийн байрыг сэргээн засварлах ажил энэ онд дуусах аж.
Г.Оюунтогтох