Өвөрмонголын малчид хулгайгаар эмийн өвсний үндэс түүж буй хятад иргэдийг зодож байна гэх мэдээлэл өнөөдөр фэйсбүүкийн группүүдэд тархаад байна.
Үнэндээ уг явдал хоёр жилийн өмнө буюу 2013 оны тавдугаар сард ӨМӨЗО-ы Хөлөн буйрт болсон бөгөөд энэ талаарх мэдээллийг анх өвөрмонгол иргэн цахим сүлжээнд зурагтай нь байршуулсан аж. Эмийн ургамлын үндэс түүгчдийн унаж явсан машиныг хөмрүүлж, цонхыг нь хагалсан зургийг Шинэ бараг гэх нэрээр бүртгүүлсэн хэрэглэгч “Монголын иргэдийн эсрэг хууль бус үйл ажиллагаа явуулж, Монголын газар нутаг дээрх ширхэг өвсийг ч хайрлахгүй сүйтгэж буй эдгээр хүмүүсийн эсрэг бид нэгдэх ёстой” гэж тайлбартайгаар цахим сүлжээнд нийтэлж байжээ.