БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр амжилттай болж өнгөрсөн билээ. Монголын төрийн тусгаар тогтнолын төлөө 487.449 хүн буюу санал хураах ажилд оролцсон нийт сонгогчдын 98.4 хувь нь саналаа өгсөн байна.
Харин үлдсэн улс нь буюу 7551 хүн замд явж байсан, өвчтэй зэрэг шалтгаантай байсны улмаас санал хураалтад оролцож чадаагүй аж. Санал хураалтад оролцсон бүх иргэд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгчээ.
Санал хураалтад оролцсон иргэдийн тоо, гарын үсгээ зурсан буюу бичиг үсэг мэддэг хүний хувийг аймаг, хотоор нь ангилан үзүүлбэл, Бүх ард түмний санал гаргуулах ажлыг зохион байгуулах төв комиссын тогтоол “Үнэн” сонины 1945 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн 260 дугаарт нийтлэгдсэн байна.
Уг тогтоолоос сийрүүлбэл, “...БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны есдүгээр сарын 21-ний өдрийн тогтоолын ёсоор төв комиссоос орон нутагт нийтийн саналыг гаргуулах ажлыг удирдаж, зохион байгуулахын тул баг, сум, аймаг хотын 3301 комисс байгуулсан бөгөөд үүнд 25138 хүн оролцов. Санал гаргуулах 4251 газрыг зохион байгуулав.
Комиссууд нийтийн санал гаргуулах ажлын зорилго бодлого, УБХТ-ны Тэргүүлэгчдийн тогтоол, санал гаргах журмын тухай заавар, томъёог БНМАУ-ын ард иргэдэд өргөнөөр тайлбарлан таниулав. Санал гаргуулах ажил, бүх газар нэгэн зэргээр аравдугаар сарын 20-ны 06.00 цагаас 24.00 цаг хүртэл явж өнгөрөв.
Нийтийн санал гаргуулсан баримт бичиг, мөн аравдугаар сарын 20-ны өдөр санал гаргуулсан газруудын ажиллагааны явцыг шалган үзвэл, саналаа өгөх явдал нь УБХТ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, заавар, санал гаргуулахаар тогтоосон томъёо хийгээд БНМАУ-ын Үндсэн хуулийн 71 дүгээр зүйлтэй яв цав нийлсэн болохыг батлан үзүүлэв.
Орон нутгийн комиссуудаас бүртгэснээр саналаа гаргах явдалд оролцвол зохих хүмүүс 494.960 байсныг тус комисс, уул баримт бичгээс үндэслэн тогтоов. Нэрсийн жагсаалтын зөв бурууг санал гаргуулах өдрийн урд комиссуудаас шалган үзсэн байна. Дээр дурдсан тооны хүмүүсээс аян замд явсан ба хүнд өвчтэй зэрэг чухал шалтгаанаар 7551 хүн санал гаргах ажилд оролцож чадсангүй.
Санал гаргах ажилд БНМАУ-ын харьяат 487.469 хүн оролцсон буюу нийтийн санал гаргах явдалд оролцвол зохих хүмүүсийн 98.4 хувь болсон. Үүний дотор мөн үеэс гадаад улсад сууж байсан тус Монгол Улсын ард иргэн, 395 хүн долоон газар саналаа өгч оролцсон болно. БНМАУ-ын төрийн тусгаар тогтнолын төлөө 487.469 хүн саналаа өгсөн буюу санал гаргахад оролцсон бүх ард иргэний 100 хувь нь болжээ. Татгалзсан хүн нэг ч үгүй.
Нийтийн санал гаргах явдлын бэлтгэл ажил ба мөн санал гаргуулсан өдөр бол БНМАУ-ын өргөн ард олон, өөрийн тусгаар тогтнолын төлөөний тэмцэлд бат нэгдэлтэй бөгөөд улс төрийн өндөр мэдрэлтийг ил тодоор үзүүлэв. Тус улсын төрийн тусгаар тогтносон асуудалд санал гаргах явдал нь бүх ард нийтийн оргилсон хөдөлгөөнийг бадруулж тус улсын хүн амын бүх хэсгийг хамарсан хурал, цуглаан, жагсаалууд аяндаа өрнөсөөр санал гаргуулах өдөр туйлын өргөн хэмжээтэй болсон байна.
Тус улс даяар нийт 10.282 газар, малчин ард, ажилчин, сэхээтэн болон үйлдвэрчин олон нийтийн байгууллагын хурал цуглаан болсон бгөөөд үүнд 586.122 хүн оролцов. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн 3171 хурал цуглаан болов. Эдгээр хуралд бүгд 176.081 эмэгтэйчүүд оролцов.
Хурал цуглаанд оролцогчид эх орныхоо тусгаар тогтнолын төлөө саналаа өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн үг ярианууд хийв. Нийтийн санал гаргуулах ажлыг эрхэлсэн төв комисст БНМАУ-ын ард иргэнээс эх орныхоо амжилтад бахдаж, эрх чөлөөтэй, тусгаар тогтносон явдлаа талархан баярлаж БНМАУ-ын төрийн тусгаар тогтнолын төлөө саналаа өгөхөд нэгэн сэтгэлээр бэлэн байгааг илэрхийлж, 1525 бичиг, илэрхийлэл, 83789 баярын бичиг, ерөөл захидал ирүүлжээ” гэсэн байна.
БНМАУ-ын тусгаар тогтносон асуудлын талаар нийтийн саналыг гаргуулсан дүнгийн тухай төв комиссын дээрх тогтоолыг УБХ-ын Тэргүүлэгчид 1945 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр батлажээ.
УБХТ-ны Тэргүүлэгчдийн 100 дугаар тогтоолын хоёрдугаар зүйлд:
“Төв комиссын тогтоолыг хэвлэн нийтлээд 1945 оны наймдугаар сарын 14- нд Зөвлөлийн засагт нийгэм журамт бүгд найрамдах холбоот улсын Гадаад явдлын ардын комиссар ноён В.М.Молотовт Дундад иргэн улсын Гадаад явдлын яамны сайд ноён Ван ши зе-гээс ирүүлсэн нот бичгийн ёсоор, Дундад иргэн улсын Засгийн газраас БНМАУыг тусгаар тогтносон улс гэж зөвшөөрөн хүлээх албан ёсны баримт болгож, Зөвлөлийн засагт нийгэм журамт бүгд найрамдах холбоот улс ба Дундад иргэн улсын Засгийн газарт тус тус явуулсугай” гэжээ.
БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөөх бүх ард түмний санал хураалт ийнхүү амжилттай өндөрлөсөн билээ. Далан жилийн тэртээд эрхий хурууныхаа өндөгний хээгээр “Эрх жаргалаа баталсан иргэн бүхний тухай” ардын уран зохиолч Д.Пүрэвдорж ийнхүү магтан дуулсан байдаг юм.
Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
Эх хэл соёлынхоо адбиш баян сан дээр
Эгнэгтийн арга билэг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг Тунхаглан бичнэ би!
Ч.БОЛД