Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн зүрхний архаг дутагдлыг эмчлэх орчин үеийн арга болох ресинхронизаци (cardiac resynchronization therapy CRT)-ийг өнгөрсөн сард Монголдоо анх нэвтрүүлсэн. Мөн зүрхний гурван хавхлагыг нэгэн зэрэг сольсон (өнгөрсөн зургадугаар сард), тархины судсан дотуурх хагалгааг (наймдугаар сард) анх удаа хийсэн гээд энэ жил тэдний “од” гялалзаж буй. Тэгвэл тус эмнэлгийн Ангиографийн оношилгоо, эмчилгээний тасаг, Зүрхний шигдээс болон Сэхээн амьдруулах, Зүрх судлалын тасгийн эмч мэргэжилтнүүд хамтраад эмэнд тэсвэртэй-цусны даралт ихсэх өвчтэй хүний бөөрний артерийн мэдрэлийг судсан дотуурх мэс заслын аргаар түлж, таслах эмчилгээг (Renal Denervation therapy) анх удаа бие даан хийжээ. Энэ өвчнөөр олон жил шаналсан 55 настай эмэгтэйд хийсэн уг эмчилгээний дараа эмчлүүлэгчийн цусны даралт тогтвортой буурч, бие нь сайжран эмнэлгээс гарсан байна.
Даралт ихсэх эмгэг үүсгэдэг өөр нэг шалтгаан нь бөөрний артерийн судас нарийсах гэнэ. Энэ өвчин аажимдаа эмийн эмчилгээ авахаа больдог тул судсан дотуурх мэс ажилбар хийх шаардлагатай болдог аж. Бөөрний артерийн мэдрэл (эмнэлгийнхэн үүнийг мэдрэлжүүлэлт гэж нэрлэдэг)-ийг судсан дотуурх мэс заслын аргаар түлж, тасалдаг дээрх эмчилгээ нь симпатик мэдрэлийн үйл ажиллагааны идэвхижлийг бууруулж, цусны даралт буулгах, инсулины тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх зэргээр эд эрхтэнийг хамгаалж, бодисын солилцоог сайжруулах ач холбогдолтой аж. Мөнхүү эмийн эмчилгээний зардлыг үлэмж хэмжээгээр хэмнэдэг юм байна.