АН болон МАН-ын бүлгийн удирдлагууд 2015 оны намрын ээлжит болон ээлжит бус чуулганыг дүгнэж өчигдөр тус бүртээ мэдээлэл хийлээ. Аль аль нь Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хууль баталж, түүндээ тулгуурлан тогтвортой хөгжлийн урт хугацааны бодлогын үзэл баримтлалтай болсныг онцолсон.
Мөн хууль зүй болон нийгмийн салбарын томоохон хуулиуд баталсныг тэмдэглэж, малчдыг үйлдвэрлэгч гэж хүлээн зөвшөөрсөн нь том ололт гэлээ.
АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг нэрлэж, “Уг хуулиар Монголд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах харилцааг олон улсын түвшинд нийцэх хэмжээнд хүртэл зохицуулах болно. Эдгээр хууль манай уламжлал, зан заншилд суурилсан” гэв.
АН-ын бүлгийн мэдээлэлд оролцсон гишүүн Ж.Батзандан “Хорих ялаас аль болох татгалзаж, үндсэн ялын чиглэлийг олшруулж, төрөлжүүлсэн, сонгодог ялын системийг хуульчиллаа. Олон улсын эрүүгийн эрх зүйн хэм хэмжээнд уг хууль бүрэн нийцэж байгаа” хэмээн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг онцлов.
Харин МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ээлжит бус чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс хоёр зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсныг эс тооцвол Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцээд л тарсан гэв.
Мөн ээлжит чуулганы хугацаанд МАН-ын бүлэг 14 бодлогын зорилтыг санаачилж ажилласнаас бүх төрлийн зээлийн хүү, шатахууны үнийг буулгах, махны экспортыг нэмэгдүүлэх, хүүхдийн мөнгийг хасахгүй байх зэргээр ес нь тодорхой хэмжээнд биелснийг онцолсон.
Тус бүлэг цаашид Монгол Улсын өрийг дарах, эдийн засгийн хямралыг даван туулах, улс орноо засаглалын хямралаас гаргах бодлогоо танилцуулж, эрх баригчдын сонгуулийн амлалтууд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийж ажиллах гэнэ.
Мөн МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр “Хууль зөрчиж хуралдсан чуулганы шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болно гэдэгт итгэж байна. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд МАН-ын бүлгийн гишүүд бойкот хийлээ гэх мэтчилэн ташаа мэдээлэл тарааж, нийгмийн зорилтот бүлэгт буруу ойлголт өгч байгаа нь байж болшгүй үйлдэл.
Семинар нэрийн дор чуулганы танхимд хууль зөрчин тавилттай жүжиг тоглож, МАН-ын үйл ажиллагааг харлуулах үйлдлийг АН-ын зарим гишүүн гаргаж буйд харамсаж байна. Үүнтэй холбогдуулж Ёс зүйн дэд хороо, холбогдох байгууллагад хандана гэсэн байр суурийг бүлгийн гишүүд илэрхийлж байгаа” гэв.
Тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
С.БЯМБАЦОГТ: БИД ЯАГААД ХАМТАРЧ БОЛОХГҮЙ ГЭЖ
-УИХ-ын гишүүн Ж.Батзандан чуулганы танхимд МАН-ыг “алуурчны нам” гэж хэлж байсан. Та бүхэн энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?
С.Бямбацогт (МАН-ын бүлгийн дарга): -Монгол Улсын Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуулийн 6.3-т “УИХ-ын чуулганы хуралдааны танхимд зөвхөн УИХ-ын нэгдсэн хуралдааныг хийхээр заасан байдаг. УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын 18-ны үдээс хойш уг хуулийг зөрчиж, АН-ын гишүүдэд семинар нэрийн дор үг хэлэх боломж олгосон.
Энэ үеэр Ж.Батзандан гишүүн МАН-ыг “алуурчдын нам” гэж ярьсан. “Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна” гэдэг. Ж.Батзандан гишүүний аав МАН-ын гишүүн, намынхаа төлөө ажил амьдралаа зориулж явсан хүн. Төрсөн ах Бат-Эрдэнэ нь манай намын гишүүн.
Манай намын нэрийн өмнөөс олон удаа албан тушаалд томилогдож байсан. Хамгийн сүүлд МАН Засгийн газарт орж ажиллахад Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон.
Ж.Батзандан гишүүн аав, ахынхаа намыг алуурчдынх гэж олон удаа хэлж байгаадаа МАН, МАН-ын гишүүдээс уучлал гуйх ёстой. УИХ-ын гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгээр түрий барьж болохгүй. Сонгуулийн жил эхэлсэн үед чуулганы үеэр биш, семинар хийж байхдаа МАН-ын нэр төрд халдсан.
Сонгуулийн хуулийн 70.1.6-д “Аливаа этгээд сонгуулийн жил эхэлснээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно” гэж бий. Энэ заалт үйлчилж болно. Иймэрхүү байдлаар гутаан доромжлох үйлдэл гаргавал МАН хатуу тэмцэнэ.
-МАН, МАХН хамтарч баяраа тэмдэглэнэ гэсэн. Үүнийг танай хоёр нам цаашид нэгдэж нийлэх эхлэл гэж үзэж болох уу?
-МАН 95 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ баярыг хамтарч тэмдэглэх саналыг МАХН-аас тавьсан. Бид хүлээж авсан. Яагаад бид хамтарч нийлээд улс орны төлөө ажиллаж болохгүй гэж.
Тиймээс цаашдаа нэгдэх, нийлэх асуудал ярихад болохгүй зүйлгүй. Манай улсад олон нам хэрэггүй. Нэгдэж нийлэх, хамтран ажиллах бодлогыг дэмжих ёстой.

Б.ГАРАМГАЙБААТАР: ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТАХАД ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ
-Ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах шийдвэр гаргах зайлшгүй шаардлага байсан уу. Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан дагуулж мэдэхээр байна.
Энэ чуулганаар Үндсэн хууль зөрчсөн юм уу. Тухайлбал, МАН-ын бүлгээс Дээд шүүхийн гишүүд хуралдаж шийдвэр гаргаагүй байхад УИХ ингэж шийдвэрлэлээ гэж байна.
Ж.Батзандан: -Эгүүлэн татах эрх зүйн үндэслэл нь маш тодорхой байгаа. Хууль зөрчсөн гэж үзвэл санал болгосон байгууллагынх нь саналаар, эсвэл УИХ эгүүлэн татах боломжтой. УИХ-ын даргаас Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтод нэгдүгээр сарын 26-нд бичиг явуулж, Цэцийн дарга Ж.Амарсанаа хууль зөрчсөнийг дурдсан.
Хууль хүчин төгөлдөр болоогүй байхад ямар ч шүүх маргаан үүсгэх бололцоогүй. Нөгөө талаас хүчин төгөлдөр бус хуулийг хэрэглэх боломжгүй. Дээд шүүхээс “Уг асуудлаар тусгайлсан санал байхгүй. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийд” гэсэн бичиг ирсэн. Үүний үндсэн дээр Ж.Амарсанааг эгүүлэн татсан.
Энд хууль зөрчсөн ямар ч үйлдэл байхгүй. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг. Монголын төрд хариуцлага хүлээж чаддаг албан хаагчид байх хэрэгтэй.
Шүүхийн хуульд Дээд шүүхийн ерөнхий шүүгч нь Дээд шүүхийг гадаад, дотоодод төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн заалт бий. Ер нь Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлаар Дээд шүүх бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдах ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй.
Б.Гарамгайбаатар (АН-ын бүлгийн дарга): -Дарга нь Дээд шүүхийг төлөөлж байгаа. Дээд шүүхийн даргын тамга, гарын үсэгтэй бичиг ирсэн. Тэд хуралдаж шийдвэрээ гаргасан байж таарна.
-Эгүүлэн татахаас өөр хариуцлагын арга хэмжээ авч болоогүй юм уу. Дараагийн хүнийг томилох тухайд хуулийн ямар зохицуулалт байна вэ?
Б.Гарамгайбаатар: Үндсэн хууль зөрчсөн, зөрчөөгүй талаарх мэдээллийг Ж.Батзандан гишүүн тодорхой хэллээ. Үндсэн хуулийн 65.4-т Цэцийн дарга, гишүүн хууль зөрчсөн бол Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно гэж заасан.
Хуулийг хүчин төгөлдөр болоогүй, Төрийн мэдээлэлд хэвлэгдээгүй, үйлчилж эхлээгүй байхад иргэний гомдлоор урьдчилаад Цэц шийдвэр гаргасан. Ингэснээр Цэц хууль зөрчсөн. Үүнийг нь УИХ Улсын дээд шүүхтэй зөвлөлдөөд, эгүүлэн татах шийдвэр гаргасан. Энд ямар нэг хууль зөрчсөн үйлдэл байхгүй.
Ж.Батзандан: -Зарим хэвлэлээр “Цэц даргагүй боллоо” гэсэн мэдээлэл гарч байна. УИХ ажлаа хийсэн. Одоо Дээд шүүх томилуулах хүний нэрийг оруулж ирэх ёстой. Тэр үед УИХ ээлжит бус чуулган зарлан хуралдуулах боломжтой.
Цэцийн дарга нь ажлаа өгвөл яах вэ гэсэн зохицуулалт хуульд маш тодорхой байгаа. Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн зургадугаар зүйлд “Цэцийн дарга огцорсон тохиолдолд Цэцэд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрвээ энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангаж байгаа бол хамгийн ахмад нь даргын үүргийг түр орлон гүйцэтгэж болно” гэж заасан.
Одоогийн байдлаар Цэцийн гишүүдээс хамгийн ахмад нь Н.Жанцан. Иймээс Цэц үйл ажиллагаагаа хэвийн явуулах бүрэн боломжтой.
-Ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хамгийн чухал хуулиуд юу вэ?
Б.Гарамгайбаатар: -Татварын эрх зүйн орчныг шинэчилнэ.
Б.УРАН