Хичээлийн шинэ жил дөхөхөөр сургууль, цэцэрлэгүүд өнгө засаж, анги танхимаа торддог бичигдээгүй хууль манайд бий. Үүний тулд жил бүр улсын төсвөөс гадна эцэг, эхчүүдээс мөнгө татаж, хандив нэрээр чамгүй хөрөнгө босгодог. Үр хүүхдээ цэвэрхэн, тохилог орчинд сургахын тулд аав, ээжүүд цааргалалгүй өгч, хувь нэмэр оруулдаг нь үнэн. Гэвч энэ бүхний цаана хүүхдийн эрүүл мэндэд чимээгүйхэн заналхийлдэг нэг асуудал орхигддог нь дотоод орчны бохирдол юм. Бид олон жилийн турш утаа, тоосжилт, хөрсний бохирдол зэрэг гадаад орчны асуудлыг л гол “дайсан” хэмээн үзэж, тэмцсээр ирсэн. Харин хүүхдүүдийн өдөрт 6-10 цагийг тогтмол өнгөрүүлдэг анги танхимын агаарын чанарыг төдийлөн анхаарч, хэмждэггүй нь харамсалтай. Тиймдээ ч дотоод засварын ажил шаардлага хангахгүйн дээр ашиглаж буй барилгын материал, будаг, шохой нь хямд, тэр хэрээр хүүхдүүдийн эрүүл мэндэд хор учруулж байна гэсэн шүүмжлэл нийгэмд тасардаггүй. Тэгвэл манай улсад сургууль, цэцэрлэгийн засвар, орчны аюулгүй байдлын стандартыг бодит амьдралд мөрдөж чаддаг уу гэдэг эргэлзээтэй.
ҮНЭР АРИЛСАН Ч ХОР НЬ ҮЛДДЭГ
Будаг нь ханхалсан ангид ороход харц булаам цэвэрхэн, таатай санагдаж болох юм. Гэвч хамгийн аюултай зүйл нь нүдэнд харагддаггүй аж. Будаг, лак, цавуунаас ялгарах эхүүн үнэр анхандаа хоолой хорсгодог ч удалгүй бид түүнд дасчихдаг. Ингээд үнэр мэдрэгдэхээ болихоор аюул арилсан мэт эндүүрдэг. Гэтэл манай улсад сургууль, цэцэрлэгийн засварт өргөнөөр ашигладаг хямд, чанаргүй будаг, лак, шахмал хавтан зэрэг материал нь формальдегид, бензол, толуол гэх мэт дэгдэмхий органик нэгдлийг үлэмж хэмжээгээр ялгаруулдаг байна.
Эдгээр хорт бодис нь агаарт амархан дэгдэж, амьсгалын замаар дамжин хүүхдийн биед урт хугацаанд хуримтлагддаг. Тухайлбал, формальдегид нь олон улсын хорт хавдрын судалгааны агентлагаас гаргасан хорт хавдар үүсгэгчдийн нэгдүгээр ангилалд ордог гойд аюултай бодис бөгөөд нүд, хамар, хоолойн салстыг цочроохоос гадна урт хугацаандаа цусны, хамар залгиурын хорт хавдар, амьсгалын замын архаг өвчин, харшлын суурь болдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсан. Харин бензол нь цусны эсийн төлжилтөд нөлөөлж, цаашлаад хавдар үүсгэх аюултай бол толуол нь мэдрэлийн системийг дарангуйлдаг. Мөн чанаргүй будагт агуулагддаг хар тугалга нь хүүхдийн тархины хөгжил, ой тогтоолт, анхаарал төвлөрөлтийг сааруулж, оюуны чадамжийг бууруулдаг бол хром, кадми нь бөөр, элэгний үйл ажиллагааг доголдуулдаг гэнэ. Үүний уршгаар хүүхдэд шалтгаангүйгээр толгой өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, амархан ядарч сульдах зэрэг шинж тэмдэг түгээмэл илэрдэг байна.
Мөн сургууль, цэцэрлэгийн дотоод орчны эрүүл ахуйн хүрээнд хийсэн зарим судалгаагаар засварын дараа материалуудаас ялгардаг хорт бодисын хэмжээ стандартаас хэтэрсэн гэх дүгнэлт гарчээ. Тодруулбал, ханыг будаад 14 хоносны дараа орчны нарийн ширхэгт тоосонцор, хавдар үүсгэгч бодисын хэмжээг шалгахад хром 2.3 дахин их, хар тугалга 2-5 дахин хэтэрсэн байжээ. Үүнээс үүдэн хүүхдийн амьсгалын замын архаг өвчлөл нэмэгдэх, хорт хавдраар өвчлөх, өсөлт, хөгжлийн хоцрогдолтой болох эрсдэл нүүрлэж буй. Гэвч ихэнх сургууль, цэцэрлэг наймдугаар сарын сүүлийн хагаст яаран сандран ангиа будаж дуусгаад, хүүхдүүдээ хүлээн авдаг нь тэднийг хордуулах нөхцөлийг бүрдүүлдэг байна.
ОЛОН УЛСАД АГААРЫГ НЬ ХҮРТЭЛ ШИНЖИЛДЭГ
Уг нь Европын холбоо болон бусад өндөр хөгжсөн улс оронд барилгыг будсаны дараа шууд ашиглалтад оруулдаггүй дүрэмтэй. Барилга, анги танхимыг будсанаас хойш долоо, 14, 28 хоногийн дараа дотоод орчны агаарын нарийвчилсан шинжилгээ хийж, дэгдэмхий органик нэгдлүүд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй тохиолдолд л сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхийг зөвшөөрдөг. Үүнээс гадна органик уусгагч агуулдаг, агаарт дэгдэж дотоод орчныг хамгийн ихээр бохирдуулдаг тосон суурьтай будаг хэрэглэхийн оронд хүний биед сөрөг нөлөө бага өөр хувилбаруудыг сонгодог байна. Тухайлбал, будахын оронд хавтангаар доторлох, эрүүл ахуйн шаардлага хангасан цаас наах, эсвэл дэгдэмхий органик нэгдэл ялгаруулах эрсдэл багатай усан суурьтайг сонгох зэрэг хүний биед хор нөлөөгүй аргыг өргөнөөр ашигладаг аж.
Манай улсад ч цаасан дээрээ яг ийм зохицуулалт бий. Тодруулбал, 2018 онд Эрүүл мэндийн болон Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар барилгын материалын аюулгүй байдлын үзүүлэлт, зөвшөөрөх дээд хэмжээг тогтоосон байдаг. Энэ журмаар засвар, барилгын ажил дууссанаас хойш гурав, 28 хоногийн дараа дотоод орчны агаарын шинжилгээ хийж, тухайн орчинд хүн ажиллаж, амьдрахад аюулгүй гэж үзсэн тохиолдолд л ашиглалтад оруулах ёстой гэж тодорхой заажээ.
Гэвч энэ зохицуулалтыг бодит байдалд хэрэгжүүлдэггүй. Бүр засварын дараа агаарт дэгдэмхий органик нэгдлүүдийн бохирдол ямар хэмжээнд байгааг тодорхойлох шинжилгээ манайд хийдэггүй гэнэ. Үүгээр зогсохгүй энэ чиглэлээр нарийвчилсан шинжилгээ хийдэг улсын нэгдсэн лаборатори ч байхгүй аж.
БҮХ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙГ ШАЛГАЖ ЧАДАХ УУ
Тэгвэл энэ зунаас эхлэн эл асуудалд цэг тавихаар салбарын яамныхан “хөдөлж” эхэлжээ. Сургууль, цэцэрлэг, дотуур байрны гаднах болон дотоод орчны засвар, үйлчилгээнд өнөө жилээс тусгайлан томилсон ажлын хэсгийнхэн хяналт тавих болсныг Боловсролын яамнаас мэдээлэв. Аймаг, нийслэл, дүүрэг, сумуудад Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, тухайн аймаг, сумын ЗДТГ, Боловсролын болон Стандарт хэмжил зүйн газар, холбогдох бусад хяналтын байгууллагынхан хамтран үүрэг гүйцэтгэж, хүний эрүүл мэндэд хортой барилгын материал ашиглахаас урьдчилан сэргийлэхээр болжээ.
Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Сургууль, цэцэрлэгийн барилгын бү тээн байгуулалт болон засвар, үйлчилгээнд хортой материал, будаг, шохой ашиглах явдал түгээмэл байна. Үүнийг одоогоос хориглоно. Эхний ээлжид бүтээн байгуулалт нь өрнөж буй сургалтын байгууллагын барилга, байгууламжийн ажил, засвар, тохижилтод ашиглаж буй материал, тоног төхөөрөмж, будаг, шохой зэргээс шинжилгээ авч, дүгнэлт гаргуулахаар болсон. Хортой материал, будаг ашигласан тохиолдолд тухайн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг ч бас сайжруулна” хэмээв.
Яамны зүгээс ийнхүү хатуу анхааруулж, шалгалт хийхээ зарласан нь сайшаалтай ч амьдрал дээр үүнийг бүрэн хэрэгжүүлэх боломж бий юү гэдэг нь эргэлзээтэй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ерөнхий боловсролын 920 орчим сургууль, 1400 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Нийт хоёр мянга гаруй сургалтын байгууллагын засварын чанар, ашиглаж буй будаг, материалын найрлагыг нэгбүрчлэн лабораторийн түвшинд шинжилж, хяналт тавих хүний нөөц, техникийн чадамж, нэгдсэн лаборатори манайд дутагдалтай байгаа нь нууц биш. Түүнчлэн орон нутгийн болон алслагдсан сумын сургуулиудын дотоод засварт хяналтын ажлын хэсэг хүрч ажиллаж чадах уу.
“АМЬГҮЙ” СТАНДАРТ
Үнэн хэрэгтээ манай улсад сургалтын орчны аюулгүй байдал, эрүүл ахуйг зохицуулсан Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдалд тавих ерөнхий шаардлага MNS 6782:2019, Сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6799:2019, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын орчинд тавих ерөнхий шаардлага MNS 6558:2015 зэрэг стандарт бий. Эдгээрт сургалтын байгууламжийн барилгын засвар, үйлчилгээнд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй материал ашиглах ёстой гэж заасан. Хэрэв ангийн хаалга шилэн оруулгатай бол заавал доргилт, цохилтод тэсвэртэй шил хэрэглэхээр журамлажээ. Мөн өрөө тасалгааны зориулалт, чийгшлийн нөхцөлөөс хамаарч гал тогоо, хүнсний ногооны агуулах, ариун цэврийн өрөөний ханыг шалнаас дээш 1.5 метрийн өндөртэйгөөр шаазан хавтан (плита)-гаар өнгөлөх ёстой. Түүнчлэн гал тогоо, шүршүүр, ариун цэврийн өрөө зэрэг чийгшил ихтэй орчны таазыг тосон будгаар будахыг шаарддаг байна. Харин бусад өрөө, тасалгаа, хонгилын таазыг шохойдох, эсвэл усан суурьтай будгаар будах дүрэм үйлчилдэг аж.
Үүнээс гадна хүүхдийн хараа, сэтгэл зүйн таатай байдлыг хангах үүднээс өнгөний сонголтыг хүртэл нарийн зааж өгчээ. Өөрөөр хэлбэл, бид стандартгүйдээ биш, хэрэгжүүлдэггүйд л хамаг учир байна. Дээр дурдсанчлан гэрлийн ойлт, материалын найрлагыг төлөвлөх нь битгий хэл, эрүүл мэндэд хамгийн хортой нь батлагдсан хямд үнэтэй тосон будгийг урсгал засварт өргөнөөр ашигласаар байгаа нь үнэн.
Угтаа сургууль, цэцэрлэгийн урсгал засварыг зургаадугаар сард буюу хүүхдүүд амармагц эхлүүлбэл хичээлийн шинэ жил дөхөх үед химийн бодисын ууршилт мэдэгдэхүйц буурдгийг мэргэжилтнүүд олон жил анхааруулсан. Гэвч өнөө жил ч засварын ажил дахин оройтох төлөвтэй байна. Учир нь урсгал засварын санхүүжилт нь одоо болтол шийдэгдээгүй байгааг зарим сургуулийн удирдлага хэлж буй.
Гэтэл хугацаа алдах тусам хүүхдүүд үнэр нь арилаагүй, химийн бодис нь бүрэн ууршаагүй хортой орчинд суралцана. Хэрэв хууль тогтоогчид эрх зүйн зохицуулалтаа тодорхой болгож, стандартын хэрэгжилтэд бодит хяналт тавихгүй, эцэг, эхчүүд ч шаардаж эхлэхгүй бол эл асуудал жил бүр давтагдсаар л байх болно. Хүүхдүүдийн сурч боловсрох орчин зөвхөн цэвэрхэн харагдах бус, хамгийн гол нь аюулгүй байх ёстой. Харин тэрхүү аюулгүй байдлыг хангах журам, стандарт цаасан дээр биш, бодит амьдралд хэрэгжих учиртай сан.
Э.Сүйлэн