УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Сүүлийн үед иргэдийн хувьд нийслэл хотод аюулгүй амьдрахад эрсдэл учруулж буй нийтийн хэрэгцээний цахилгаан дугуй болон скүүтерийн үйлчилгээний хяналт, зохицуулалтыг уг төсөлд шинээр нэмж тусгасан юм. Энэ төрлийн үйлчилгээ эрхлэхийн тулд Зөвшөөрлийн тухай хуулийн дагуу зөвшөөрөл авах бөгөөд тодорхой шалгуур хангах ёстой гэжээ. Үйл ажиллагаа явуулах хүний нөөц, санхүүгийн чадамжтай, тээврийн хэрэгсэл нь хуулийн шаардлага, стандарт хангасан байхаас гадна оношилгоо, засвар, хадгалах, угаах байртай байхыг шаардсан байна. Мөн татвар төлөгчөөр бүртгүүлсэн, цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх нь зөв гэж үзжээ.
Цахилгаан дугуй, скүүтерийг 16-аас дээш насныхан унахаар зохицуулсан аж. Харин техникийн дээд хурд нь 25 км/цагаас илүү цахилгаан дугуйг мотоцикл ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй, 18-аас дээш насны хүн барьж, замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болох нь. Дээрх тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо унадаг дугуйн замаар явна гэж тусгайлан заасан байна. Хэрэв унадаг дугуйн зам, эгнээ байхгүй бол зорчих хэсгийн баруун захаар, мөн нийтийн тээврийн эгнээгээр явах нь. Явган хүний замаар явах шаардлага гарвал хурдыг 10 км-ээс хэтрүүлэх гэж заажээ. Манай улсад дээрх тээврийн хэрэгслийг бага насны хүүхдүүд, насанд хүрсэн хүмүүс хүртэл сундалдан, хоёр, гурваараа унах нь элбэг байгаа. Тэгвэл үүнийг дээрх төсөлд хориглосон байна. Мөн ачаа тээвэрлэж болохгүй. Гарцаар цахилгаан дугуй, скүүтерийг жолоодож бус, түрж гарахаар зохицуулжээ. Унаж, хэрэглэснийхээ дараа дуртай газраа орхиж, явган хүний зам “тагладаг” байдал уг хуулийн төслийг баталснаар эцэс болох нь.