Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор уул уурхай эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өнгөрсөн сарын 29-нөөс хяналт, шалгалт хийж буй билээ. Уг албан даалгаврын хүрээнд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагааг АҮЭБЯ, орон нутгийн Байгаль орчны газар, Бөөцагаан-Орог нуурын сав газрын захиргааныхан хамтран шалгажээ.
Шалгалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Одод гоулд” ХХК-ийнхан эрх бүхий байгууллагаар баталгаажсан ТЭЗҮ, 2026 оны уулын ажлын төлөвлөгөөнд тусгасан техникийн хүчин чадлыг хэтрүүлэн ажилласан тул техник, тоног төхөөрөмжийг нь лацдаж, зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон байна. Түүнчлэн Бууцагаан сумын IV багийн Баянбүрд гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Задгай улаан” нөхөрлөлийнхөн Засгийн газрын 296 дугаар тогтоолоор баталсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчсөн тул уурхайн амыг хаажээ. Улмаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд заасан шаардлагыг биелүүлээгүй, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ.
О.Оргилох