Филиппиний өмнөд хэсэг дэх Минданао арлын орчимд газар 7.8 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас 37 хүний амь үрэгдэж, дөрвөн иргэн сураггүй болсон тул эрэн хайх, аврах ажиллагааг эрчимжүүлсэн хэмээн гамшгаас хамгаалах албаныхан нь мэдээлжээ. Тодруулбал, хэд хэдэн улсад цунамигийн аюулын дохио зарлахад хүргэсэн уг газар хөдлөлт өнгөрсөн даваа гаргийн өглөө Сарангани мужаас 20 км зайд болсон байна. Гамшигт хамгийн их нэрвэгдсэн бүс болох 700 мянга орчим хүн амтай Генерал Сантос хотын оршин суугчид “Урьд хожид хэзээ ч ийм хүчтэй газар хөдлөлт мэдэрч байгаагүй” хэмээжээ. Эдгээр бүс нутаг дахь оршин суугчдад нэн даруй өндөрлөг газарт нүүн шилжихийг анхааруулсан төдийгүй эл хотын цөөнгүй дэлгүүр, барилга нурж, заримынх нь хаяг, шил хагарсан гэнэ.
Минданаод гамшгийн үеийн арга хэмжээ яаралтай авахыг тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос тушааж, тусламжийн бараа бүтээгдэхүүн хүлээн авч тараах, нүүлгэн шилжүүлэх төвүүдийг бэлтгэн аврах ажиллагаанд бэлэн байхыг холбогдох агентлагуудад үүрэг болгосон гэнэ. Газар хөдлөлтөд өртсөн бусад мужийн барилга байгууламж, дэд бүтцийн хохирлыг үнэлэх ажил үргэлжилж буй ч дараалсан сул чичиргээ тасраагүй тул барилгын бүтцийн үнэлгээг эхлүүлэх боломжгүй байна гэв. Филиппиний Галт уул, газар хөдлөлт судлалын хүрээлэн (Phivolcs)-гийнхэн мягмар гаргийн байдлаар 23 удаагийн дараалсан чичиргээ бүртгэснээс хамгийн хүчтэй нь 6.7 магнитудад хүрснийг дурдлаа.
Газар хөдлөлтийн нийт энергийн хэмжээг магнитудаар илэрхийлдэг бол энэ нь хүн, барилга байгууламж, байгаль орчинд хэр хэмжээнд мэдрэгдсэнийг баллаар илэрхийлдэг байна. 7-8 магнитудын чичиргээ нь ноцтой хохирол учруулах ангилалд багтдаг аж.
Д.Хэрлэн