Хотол олноороо цэнгэн баясдаг баяр наадмын уур амьсгал хэдийн орж, бөх, уяач, сур, шагайн харваачид аймаг, сумаараа гал болж, нэгдэн бэлтгэлээ базааж эхэлжээ. Үндэсний их баяр наадмын сур харвааны тэмцээн жил бүр урианхай сураар эхэлж, буриад, халх сур харваагаар үргэлжилдэг уламжлалтай. Буриад сур харвааны төрөлд гурав түрүүлсэн хоёр эмэгтэй харваач байдгийн нэг нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, Сүхбаатар дүүргийн үндэсний сурын “Алтан дуулга” холбооны харваач, Монголын үндэсний харваачдын Ёс зүй, хяналтын хорооны дарга, буриад сурын Хүйхэрэй мэргэн, үндэсний (халх) сур харвааны аймгийн мэргэн, спортын мастер Ж.Нямдаваа. Тэрбээр удам дамжсан харваач. Түүний аав зохиолч, сэтгүүлч Дэлэгийн Жүгдэрхүү. 1977 оны Ардын хувьсгалын 56 жилийн ойн баяр наадмын үндэсний сур харваанд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн билээ. Аавынхаа цэц сорьдог авьяасыг өвлөж, алтан шар зурхайд нум эвшээлгэн, сум тавьдаг тэрбээр 2014, 2015, 2018 оны баяр наадмын буриад сур харваанд тэргүүлэн Хүйхэрэй мэргэн цол хүртжээ. Хүйхэрэй мэргэн нь улсын албан ёсны цол бус, харин сур харвах үед байг оносон харваачийг магтан, урамшуулж дууддаг уламжлалт уухай, барлалын үг юм. Үүгээр овсгоотой, сэргэлэн, гойд, шаламгай эрхий мэргэн харваач гэдгийг наадамчин олны өмнө зарлан алдаршуулдаг байна.
-Баяр наадмын өдрүүд хаяанд иржээ. Сурын алтан шар зурхайд олон жил нум эвшээлгэж, гичир татсан таны сэтгэл догдолж суугаа гэдэг эргэлзэхгүй байна.
-Миний ажил, амьдрал, амжилтын түүх сур харваатай салшгүй холбоотой. Харваачид ажиллахын зэрэгцээ бэлтгэл сургуулилалтаа базааж, жил бүр наадамчин олноо баясган цэц сорьдог уламжлалтай. Үндэснийхээ өв соёлыг өнөөг хүртэл хадгалж, спортын нэгэн төрөл болж хөгжиж буй сур харваагаар хичээллэснээ ховорхон тохиох хувь заяа гэж боддог. Харваач хүний амжилт гаргахад нөлөөлдөг гол хэрэгсэл бол сайн нум, сум шүү дээ. Хоёр жилийн өмнө Дорнод аймгийн Баяндун сумын харваач, спортын мастер Д.Дугарсүрэнгээр сум урлуулахад нуманд минь сайхан таарсан. Улсын наадмын харвааны тэмцээн урианхай, буриад сураар эхэлдэг. Би Хүйхэрэй мэргэн цолны эрэмбээр шигшээ наймын харвааг тэргүүлж босдог тул залууст үлгэр дуурайл болж, үүрэг хариуцлагатай цэц сорихыг хичээдэг.
-Сум алддаггүй мэргэчүүдийн тэр их өрсөлдөөн дундаас түрүүлж, үзүүрлэнэ гэдэг амаргүй биз?
-Би удам дамжсан сур харваач. Нутгийнхаа харваачдаас наадмын буриад сур харваанд гурван удаа түрүүлсэн анхны мэргэн. Монголд буриад сурын төрөлд 10 удаа түрүүлсэн эмэгтэй харваач бол Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Монгол Улсын мэргэн Д.Цэцэг. Түүний ард Монгол Улсын даян мэргэн С.Энхтунгалаг, бид хоёр тус бүр гурван удаа тэргүүлсэн амжилтаараа бичигддэг. Уламжлалт буриад сур харваанд дөрвөөс дээш түрүүлсэн харваачийг Хорьдой, гурав тэргүүлснийг нь Хүйхэрэй мэргэн хэмээдэг. Одоогоос дөрвөн жилийн өмнө буриад сур харваанд ийм цол өгдөг болсон юм. Энэ нь халх сур харвааны улсын даяар дуурсах мэргэн цолтой дүйцэх юм. Буриад сурын харваа өвөрмөц онцлогтой. Харваачид цэц сорихдоо “Гоё даа бар аа гү, бар аа, Хүйхэрэй мэргэн” хэмээн уухайлж, барладаг. Хорьдой мэргэн улсын албан ёсны цол биш. Буриад сурын харваанд тухайн харваачид тэмцээний болон наадмын онооны шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд олгодог юм. Хүйхэрэй мэргэн гэдэг нь сур харвах үед байг оносон харваачийг магтан, урамшуулдаг уламжлалт уухай, барлалын үг. Уухайгаар овсгоотой, сэргэлэн, гойд, шаламгай эрхий мэргэн харваач гэдгийг нь наадамчин олны өмнө зарлан алдаршуулж буй юм.
-2007 оны наадмын буриад сурын харваанд улсын мэргэн Д.Цэцэг түрүүлж, та удаалсан. Аваргын түрүү ойртох мөчид ямар бодол төрсөн бол?
-Буриад сурын харваагаар тууштай хичээллэж, 2007 онд улсын наадамд дэд байрт шалгарч, анхныхаа шагналыг хүртсэн. Д.Цэцэг мэргэн түрүүлснийхээ дараа надад “Орост буриадууд сур харвахад голчийн оноотой байдаг. Хэрвээ манайд ийм оноо байсан бол чи түрүүлэх байлаа” гэв. Наадмын түрүү харваачаар тодорсон түүнийг ингэж хэлэхэд нь бэлгэшээж “Өндөр цолтой мэргэний урам хайрласан магтаалыг хойшид ерөөл болгож явъя” гэж бодож байлаа. Түүнээс хойш долоон жилийн дараа 2014 онд улсын наадмаар би анхныхаа түрүүг авч, 2015 онд дахин тэргүүлж, буриад сурын хошой мэргэн цол хүртсэн. Харин гурав дахь түрүүгээ 2018 онд хүртсэнээр Хүйхэрэй мэргэн хэмээгдэх болсон.
-Та буриад, халх харвааны аль алинаар нь цэц сорьдог. Охиноо сурын талбайд нумтай нөхөрлөхийг хараад аав тань их баярласан байх даа.
-Манайхан намайг харваач болно гэж огт төсөөлөөгүй. Багадаа сурын талбайд очиж, аавынхаа сумыг зөөдөг байснаас биш хожим өөрөө хичээллэнэ гэж бодоогүй л дээ. Намайг 10 жилийн сургуулиа төгсөх үед аав минь нас өндөр болсон тул нумныхаа хөвчийг амрааж гэрийнхээ хойморт залсан. Би 1998 онд нэг сонин зүүд зүүдэлснээ мартдаггүй юм. Аавын нум бугын эврийн үзүүрээс яг унах гэхэд нь би ухасхийгээд авч байна гэж зүүдэллээ. Нойрноосоо сэрсэн ч тэр зүүд бодогдсоор байсан тул аавынхаа нумыг барьж очоод аймгийнхаа харваачдаас Ш.Лхагвасүрэн мэргэнтэй уулзахад “Чи сурын талбайд яваад очоорой” гэв. Тухайн үед үндэсний спортын VII наадам болж таарсан. Тэрбээр “Би тэмцээнд оролцож байгаа болохоор чамайг харваачидтай уулзуулж амжихгүй нь. Дорноговь аймгийн мэргэн Л.Галсанцэрэнг зорьж очоод уулз” гэв. Дотоодын томоохон тэмцээн тул аймаг бүрээс ирсэн харваачид сурын талбайд цуглаад бужигнаж байлаа. Тэднээс Л.Галсанцэрэн мэргэнийг сураглаж явтал улсын мэргэн А.Хонгорын дүү А.Мандал нумыг маань хараад “Хөөх, энэ нум Жүгдэрхүү гуайнх байна шүү дээ. Чи хэн бэ, яаж авав” гэж асуусаар охин нь гэдгийг мэдэж билээ. Тэр өдөр Л.Галсанцэрэн мэргэн надаар өдөржин нум эвшээлгэж, орой нь сум хэдэн удаа тавиулж үзээд маргааш нь залуучуудын багт оруулж, үндэсний спортын их наадамд сур харвуулсан юм. Би аавынхаа нумаар анх харваж, сум тавьсан түүхтэй. Дараа жил нь наадмын харваанд оролцож, спортын дэд мастер цолны болзол хангаж байв. Намайг сур харвах гэж буйг аав сонссон даруйдаа наадам эхлэхээс нэлээд хэд хоногийн өмнө Мөрөнгөөс Улаанбаатарт ирсэн. Тухайн үед “Орост олон жил амьдарсан чамайг аав нь сур харвана гэж үнэхээр бодож байсангүй” гэж билээ. Аавыгаа баярлуулж, нумтай нөхөрлөсөн тэр өдрөөс үндэсний сурын талбай миний байх ёстой газар шиг санагддаг болсон юм. Зүүд их зөнтэй шүү дээ. Тэр жил улсын даян мэргэн Д.Норжмаатай анх танилцсан. Тэрбээр өөрийгөө сур харваж байна гэж зүүдэлснээр сурын талбайд хичээллэхээр ирж байлаа.
-Өнгөрсөн он жилүүдэд та олон ажил санаачилж, хэрэгжүүлсэн. Зорьж, хийсэн бүхнээ одоо харахад сайхан дурсамж төрүүлдэг болов уу?
-Монголын үндэсний сур харвааны холбооны нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа наадмын сур харвааг МҮОНРТ-ээр анх тайлбарлан олонд хүргэж, энэ спортын онцлог, давуу тал, гайхамшгийг ойлгуулж байв. Сурын талбайд 2010 онд харваачдын оноог танилцуулах дэлгэц байршуулснаар үзэгчид хэн нь хэд онож, хэдэн сум алдсаныг харах боломжтой болсон. Анх санаачилсан ажлыг маань 16 жилийн турш хэрэгжүүлж байгаад баярладаг. Үндэсний сур харваагаар олон залуус хичээллэдэг болсон өнөө үед холбооны удирдлага, гишүүд хийж буй ажилдаа өмнөхөөсөө илүү хариуцлагатай хандах цаг ирж байна. Намайг анх нумтай нөхөрлөхөд залуучууд одоогийнх шиг ийм олноороо хичээллэж байгаагүй. Би 2009 онд “Нум эвшээлгэх жил” хэмээх ажил өрнүүлж, үндэсний спортыг олонд таниулан сурталчилсан нь үр дүнд хүрсэн. Тэр үед холбооныхоо тэргүүлэгч, харваачдад “Хүмүүсийг сонирхож үзэхээр ирэхэд нь нуманд гар хүрч болохгүй гэж битгий хэлж байгаарай. Тэдэнд урам өгч, нум заавал эвшээлгэж, зөв ойлгуулж сурталчлаарай” гэж зөвлөдөг байв. 2010 онд “Сум тавих жил” болгон зарлаж, байгууллагуудын дунд сур харвааны тэмцээн зохион байгуулсан. Тухайн үед 160 гаруй харваач наадмын сур харваанд оролцдог байсан бол 2011 онд 200, 2012 онд 300 гаруй болж нэмэгдсэн.
-Та 2011 онд “Монгол нум, сум” хөтөлбөр боловсруулж, өмнөд хөршөөс сургалтын нум авчирч, залуусыг талбайд бэлтгэл хийлгэсэн нь үр дүнтэй болж, орон нутагт хөгжих эхлэл тавигдсан гэдэг.
-Тэр жил “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүлэгч, одоогийн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай хамтран аймагтаа дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Түүнээс хойш манай нутагт үндэсний сур харваа эрчимтэй хөгжиж, 2024 онд болсон багийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй харваачид хүрэл медаль анх удаа хүртэн баярлуулж байлаа. Залуус үндэснийхээ өв соёл, спортод хүндэтгэлтэй хандаж, цаашид хөгжүүлэн үргэлжлүүлэх зүйтэй гэсэн бодлоор хандаж, хичээллэдэг болсон нь сайшаалтай. Одоо аймаг бүр үндэсний сур харвааны клубтэй болсон тул зорилгоо нэгтгэж, өв соёл, ёс заншил, спортоо үндэснийхээр нь хөгжүүлж, урагшлах нь зүйтэй. Үндэсний спорт бол монголчуудын түүх, оршин тогтнож буй тусгаар тогтнол, хөгжлийг дэлхийн олон оронд харуулж буй томоохон өв соёл. Тиймээс төр засгийн удирдлагууд зөв хөгжүүлэх бодлого баримталж, үнэ цэнтэй байлгахад анхаарал хандуулах ёстой юм.
-Монголчууд бусад орноос ялгарахын тулд өөрийн бахархдаг зүйлтэй байх ёстой гэдэгтэй та санал нийлэх үү?
-Тийм ээ. Гадаадын жуулчдын сонирхлыг монголчуудын өв соёл, үндэсний спорт их татдаг. Үүний учир нь хамаг Монголыг нэгтгэсэн Чингис хааны дэлхийн талыг мориор туулсан байлдан дагуулалт. Тухайн үед дайлаар мордон тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөхөд хэрэглэж байсан зэр зэвсгээс нум, сум энх цагт үндэснийх нь спортын нэг төрөл болж хөгжсөн нь олон орны анхаарлыг татдаг. Монгол цэргүүдийн эврээр хийсэн нум, сум хаана ч агсаж явахад тухтай, амраас гадна байгалийн цаг агаар, уур амьсгалд хувирч, дасан зохицдогоороо гайхалтай байсан нь ялалт байгуулахад нөлөөлсөн гэж түүх судлаачид үздэг. Монгол эрчүүдийн хүч чадал, харваж намнах ур чадвар, салхины зүг, чигийг тооцоолох мэдрэмж өндөр хөгжсөн нь нум, сумтай холбоотой. Монголчуудыг морь, сур харваагүйгээр төсөөлшгүй. Хормын төдийд бүхнийг тооцоолж, эрхий хуруундаа нэгтгэн, сум тавьдаг ухаан монгол хүнээс л гарна. Нум, сумныхаа учрыг олж, мэдэрч харвана. Үүнийг биднээс өөр хэн ч ойлгохгүй. Ийм өвөрмөц сэтгэлгээ, нарийн мэдрэмж, алсын бодол дэлхийн аль ч улсын иргэнд төрөхгүй. Үүгээрээ үндэсний спортын давуу тал юутай ч зүйрлэшгүй гайхалтай.
-Үндэсний сур харваа таныг судлаач болгосон шиг санагдлаа.
-Би сур харваанд хөл тавьснаас хойш олон зүйлийг ажиглан харж, судалсан. АНУ, Австри, ХБНГУ, Польш, Япон, БНСУ-ын иргэд үндэсний сур харвааг сонирхож, хичээллэхээр хэдэн жил ноцолдоод сурахгүй шантарч байхыг цөөнгүй харсан. Бид монгол ухааныг тэдэнд ойлгуулж, таниулахын тулд үндэснийхээ өв соёлоор харуулж, эх хэлээрээ тайлбарлах нь зөв. Түүнээс биш өөрсдийнх нь хэлээр ярилцаж, бүхнийг ойлгуулна гэвэл хэцүү. Тэд ойлгох гэж яаж ч хичээсэн бидний мэдэрдэг мэдрэмжид хүрэхгүй шүү дээ. Дөрвөн сумнаас нэгийг нь тавьчхаад, хоёр дахийг нь харвахаар зогсож байхад нум цаг агаарын байдлаас шалтгаалж, халуун, хүйтэнд хувирдаг. Үндэсний спортоос сур харваа тухайн харваачийг өөрийг нь өөрөөр нь олуулах үйлдлийг заавал гаргуулдаг учраас сэтгэлийг нь соронз шиг татдаг юм. Өөртэйгөө өрсөлдөж, “дотор хүн”-тэйгээ ярилцдаг болохоор харваачид бүхний учрыг хайж олохоор эрэлхийлдэг. Монгол залуусын хүсэл, мөрөөдөл, зорилго, тэмүүлэл, итгэл, найдвар үүнээс харагддаг.
-Аавыг тань зохиолч, сэтгүүлч байсныг саяхан мэдлээ. Таныг өгүүллэг, туужийг нь нэгтгээд ном болгож хэвлүүлсэн гэх юм.
-Аав жүжгийн зохиол, хөрөг нийтлэл, шүлэг бичиж олон ном хэвлүүлсэн. Завгүй ажлынхаа хажуугаар үндэсний сураар уйгагүй хичээллэж, 1977 оны Улсын баяр наадмаар түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртэж байв. Аавынхаа алдрыг дуурсгах зорилгоор туурвиж бичсэн хүүхдийн зохиолыг нь “Анчин Дондоод тохиолдсон явдлууд” нэртэй ном болгон хэвлүүлж, үндэсний сурын талбайд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд нээлтээ хийж, уншигчдад өргөн барилаа. Аав минь анчин хүн байсан. Энэ бүтээлээрээ хүүхдүүдэд байгаль дэлхий, ан амьтантай хэрхэн зөв харилцаж, хайрлан хамгаалах талаар анчин хүний амьдрал болон өөрийн хүүхэд насанд тохиолдсон хөгжилтэй явдлуудаар ойлгуулахыг зорьсон юм. Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид зохиолуудыг нь жүжиг болгон найруулж, олны хүртээл болгосон.
-Үндэсний сур харвадаг гэр бүл олон бий. Танайх ч бас тэдний нэг. Та энэ спортод нөхөр, хүүгээ урвуулчихсан юм билээ.
-Манайхан намайг дагаад халх сураар хичээллэдэг. Нөхөр аймгийн тод харваач, спортын мастер, хүү сумын мэргэн, спортын дэд мастер цолтой. Бэр минь харваж эхэлсэн. Бага хүүдээ нум авч өглөө. Хоёр ач минь сур харвахад одоогоор нас нь бага байна. Хөвсгөл аймгаас төрсөн харваач олон бий. Тэднээс Ч.Ламжав (1946), Ц.Цэрэндулам (1968, 1971, 1977), Ш.Лхагвасүрэн (1969), Д.Жүгдэрхүү (1977) Г.Хангай (1986), Ш.Гансүх (1992) нар улсын наадмын үндэсний сур харваанд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн. Нутгаас минь мэргэчүүдийнхээ амжилтыг үргэлжлүүлж, улсын цолтон төрнө гэдэгт итгэлтэй байдаг.