- Ариун цэврийн байгууламжгүй амралт, зугаалгын бүс нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэрт эрсдэл учруулж байна -
Та амралтын өдрөө цэвэр агаарт гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхээр голын эрэг дагуу байгуулсан нэгэн цэцэрлэгт хүрээлэнг зорьж байна гэж төсөөлөөрэй. Мэдээж зорьж, цаг зав гаргаж очих тул тухтай байхыг бодон багахан хоол унд бэлтгэж, цагийг сайхан өнгөрүүлэхэд нэмэртэй, хэрэгтэй зүйлсээ зэхэж явах нь гарцаагүй. Гэтэл таны тухлахаар очсон газарт, бүр ойр хавьд нь ч бие засах газар байхгүй бол яах вэ. “Сайхан газарт ирсэн юм чинь буцах замгүй” гээд тэсээд л байх уу. Эсвэл төлөвлөгөөгөө цуцлаад шууд буцах уу. Хүүхдүүдээ, гэр бүлийнхнээ үлдээгээд ариун цэврийн байгууламжийн эрэлд гарах уу. Үгүй бол хүний нүд хариулж байгаад мод, бутны ёроол, барилга, байгууламжийн булан тохой бараадах уу. Тэгтэл таны очсон цэцэрлэгт хүрээлэн ундны усны эх үүсвэр бүхий газарт байрладаг бол яах вэ. Тэр нь хөдөө талд ч биш, хот дотор, бужигнасан олны хөлийн газарт бий гээд бод доо. Ёстой л бидэнд тохиолдсон хүндхэн, хөгжилтэй явдлууд гэдэг шиг л зүйл төсөөлөгдөж байгаа биз. Хачирхалтай нь, юу гээч. Яг ийм явдал нийслэлчүүдэд одоо бодитоор тохиогоод байна.
2021 онд буюу Д.Сумъяабазарыг хотын даргаар ажиллаж байх үед Туул голын эрэг дагуух 15 байршил бүхий 27 км газрыг амралтын талбай болгож тохижуулах ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эхлүүлсэн юм. БОАЖЯ-наас хууль зөрчин Туул голын эрэг дагуу олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, нийтийн зориулалтаар ашиглахаар боллоо гэсэн пиарыг тухайн үед нийслэлээс хийж, 15 байршлын 11-ийнх нь тохижилтын ажлын даалгавар, тавынх нь зураг төслийг баталсан. Гэтэл одоо үүнээс ердөө хоёрыг нь л хагас дутуу тохижуулж, ашиглалтад оруулаад байна. Тодруулбал, үүний нэг нь Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Маршалын гүүрний зүүн талд, нөгөөх нь “АСЕМ вилла” хотхоны чанх хойно бий. Харамсалтай нь, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг загвараар байгуулсан амралт, зугаалгын бүс гэх тус хоёр газарт ажилладаг ариун цэврийн байгууламж алга. Аль алинд нь “Нийтийн бие засах газар” нэртэй цэмцгэр байгууламж байх боловч нэгийнх нь бохирын шугам хөлдчихсөн, нөгөөхийг нь төвийн шугамд холбоогүй учраас шинээр нь хаалгыг нь барьчихжээ. Тиймээс л зорин очсон хүмүүс эхэнд өгүүлсэн сонголттой нүүр тулж, хүнд байдалд орж байна.
НЭН ЧУХЛЫГ НЬ ХАМГИЙН СҮҮЛД
Маршалын гүүрний зүүн талд, илүү ойлгомжтойгоор газарчилбал УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын компанийн барьсан гэх “Бага тэнгэр сити” цогцолбор хотхоны харалдаа байрлах амралтын талбайд өнгөрсөн бямба гарагт очлоо. Аанай л (өнгөрсөн тавдугаар сараас хойш хэд хэдэн удаа очсон) ариун цэврийн байгууламж нь цоожтой, бие засах газар сурагласан хүмүүс байв. Тухайн бүсэд ажилчдын байр барьж буй хүмүүсээс хаана бие засаж болох талаар асуухад “Энэ хавьд жорлон олдохгүй. Хүмүүс зам хөндлөн гараад, тийшээ (“Бага тэнгэр сити” рүү заав) яваад байгаа харагддаг юм. Эндхийн жорлонг бохирын шугамд холбоогүй учраас ажиллуулах боломжгүй. Холбох ажил нь ч бас ярвигтай “юм” дуулдсан. Хялбараар холбохын тулд хувийн хэвшилтэй зөвшилцөх хэрэгтэй гэсэн” хэмээв.
Уг нь Туул голын эрэг дагуу тохижуулахаар төлөвлөсөн байршлуудаас энэ хэсгийн ажлыг хамгийн түрүүнд дуусгаж, аль 2022 онд ашиглалтад оруулсан юм билээ. Гэтэл тухайн хэсэг үерт автсанаас дахин тохижуулж, засвар хийхээс аргагүйд хүрчээ. Ингээд сандал, сүүдрэвч, зам, талбайгаас эхлээд бүх зүйлийг нь шинэчилж, нэмэлтээр автомашины зогсоол, хиймэл зүлэг бү хий чийрэгжүүлэлтийн болон амралтын талбай барьсан аж. Үндсэндээ тухайн газрыг таван жилийн хугацаанд тохижуулсан гэсэн үг. Гэтэл хамгийн чухал зүйл болох ариун цэврийн байгууламжийг нь өнөө хэр ашиглалтад оруулаагүй байна.
УУЖ, ИДЭЖ БОЛНО, БИЕ ЗАСАЖ БОЛОХГҮЙ
Туул голын урд эрэг дагуу тохижуулсан амралтын талбайг нийслэлчүүд хэдийн мэддэг, олноороо зорин очдог болжээ. Ялангуяа амралтын өдөр сандал, сүүдрэвч болгон нь эзэнтэй, тоглоомын болон чийрэгжүүлэлтийн талбай нь хүүхэд, хөгшдөөр дүүрдэг. Үүнийг дагаад хуушуур, шорлог, ундаа, ус санал болгох үүргийн худалдаачид амрагчидтай автомашины зогсоол булаалдан бууриа засаж эхэлжээ. Явган хүний зам дагуулан барьсан сүүдрэвчүүдэд гэр бүл, найз нөхдөөрөө тухалсан хүмүүс зэхэж ирсэн хоол ундаа идэж, зарим нь мах шарж, хуушуур хайрч байгаа нь ч харагдав. Тэнд хүмүүс ямар зорилгоор, яах гэж очдог нь эндээс маш тодорхой харагдана. Харин хаана, хэрхэн бие засдаг нь тодорхойгүй.
Улаанбаатар хотод амралт, зугаалгын бүс цөөн. Сүүлийн үед нийслэлээс энд тэндгүй цэцэрлэгт хүрээлэн байгуулж, тохижилт хийж байна гэж иргэд шүүмжлэх болсон ч хүн амынхаа тоо, цементэн байгууламжтай харьцуулбал манай хотод ногоон орчин тун хомс. Тиймээс амралт, зугаалгын зориулалтаар байгуулсан газрууд ашиглалтад оров уу, үгүй юү, олны хөлд дарагддаг. Нийслэлийнхэн үүнийг тооцоолоогүй, мэдэхгүй байна гэж лав үгүй. Ийм нөхцөлд ариун цэврийн байгууламжаа түгжиж орхино гэдэг дэндүү хариуцлагагүй явдал. “Ирж тухлаарай” гэж орчин бүрдүүлчхээд, гудамжны хоолны үйл чилгээ эрхлэгчдэд зөвшөөрөл олгож, хуушуур, шорлог заруулчхаад, зорин ирсэн хүмүүсээ бие засахыг нь “хориглоно” гэдэг бүдүүлэг хэрэг биш гэж үү. Ямар сайндаа л зарим нь “Хүүхдэдээ шингэн зүйл хамаагүй уулгахаас ч болгоомжилж байна” гэж ярих вэ дээ. Хогийн сав байршуулаагүй орхисон бол бас ч гэж учиртай. Авчирч болсон зүйлээ аваад буцахад юу нь хэцүү байх вэ. Харин хүнийг насан туршид нь дагадаг бие засах анхдагч хэрэгцээг нь хойш тавьж, үл тоож хэрхэвч болохгүй. Нийслэлээс хийсэн энэ ажил бол манай улс хүн төвтэй бодлого хэрэгжүүлдэггүйн нэгээхэн жишээ юм.
ТУУЛ ГОЛД ДАРАМТ БАГАДААГҮЙ
Нийслэлээс хэрэгжүүлж эхлээд байсан “Туулын хурдны зам” төслийг эсэргүүцэгч иргэд “Save Tuul” хөдөлгөөн өрнүүлж, ундны усны эх үүсвэр болсон голоо дэд бүтцийн ажилд сүйдэхээс хамгаалсан. Хэдийгээр Засгийн газар уг төслийн ажлыг түр хугацаанд зогсоосон ч дахин үргэлжлүүлэх вий гэх айдас болгоомжлол иргэд, олон нийтийн дунд байсаар. Тэгвэл Туул голоо хамгаалахыг үнэн зүрхнээсээ хүсдэг хүн бүрийг амралт, зугаалгын бүс дэх ариун цэврийн байгууламжийн асуудалд санаа тавиасай, анхаарал хандуулаасай гэж уриалж байна. Учир нь Туул бол Улаанбаатар хотын экосистемийн гол тулгуур, нийслэлчүүд хэр олон жил унд устай байх вэ гэдгийг шийдэх амин эх үүсвэр. Харин түүнд бодитоор тулгараад буй, ирээдүйд илүү ноцтой түвшинд аюул заналхийлэл учруулж мэдэх эрсдэл нь бохирын асуудал юм.
Бичил цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг загвараар байгуулсан гэх амралт, зугаалгын хэсгүүд Туул голтой хаяа залган байршдаг. Голын эргийг түрж орсон, усны урсгал, чимээ сонсох зориулалттай тавцан бүхий хэсэг ч бий. Хэрэв тэндхийн ариун цэврийн байгууламжийг даруй нээхгүй бол хүмүүс ил задгай бие засаж эхэлнэ. Хөрс, ус үлэмж бохирдоно. Улмаар Туул голын бохирдол гаарна.
Туул гол нийслэл орчимд бохирдлын түвшнээрээ Хятадын Шар мөрөнтэй эн зэрэгцэх хэмжээнд хүрснийг сав газрын захиргааных нь мэргэжилтэн, судлаачид хэлдэг. Туулд дарамт багадаагүйг энэ баримт нотолно. Харин бид эрэгт нь ялгадсаа овоолж, нэрмээс болох ёсгүй.
ЭЗЭНГҮЙ АЖИЛ
Туул голын эрэг дагуух тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Энэ нь угтаа татвар төлөгч та, бидний халааснаас гарсан мөнгө юм. Тиймээс татвар төлөгч иргэний хувиар нийслэлчүүдийг төлөөлөн холбогдох албаныхнаас ам асууж, хариуцлага нэхлээ. Хачирхалтай нь, уг ажлыг хариуцаж буй эзэн холбогдогч тодорсонгүй. Нийслэлийн ЗДТГ-ынхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан руу чиглүүлэв. Тус албаны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Аливаа тохижилт, нийтийн аж ахуйн ажлыг харьяалах нутаг дэвсгэрийнх нь захиргаа хариуцдаг. Энэ журмаар Бага тэнгэр орчмын Туул гол дагуух тохижилтын ажлыг Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс хариуцаж байгаа” гэв. Харин тус дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Чанагнянгар “Уг амралт, зугаалгын талбайг нийслэлийнхэн манайд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Ном ёсоороо бол орон нутгийн өмчид бүртгүүлээд, хүлээлгэж өгөх учиртай. Бид тухайн газрын зөвхөн арчлалт, хамгаалалтыг нь хариуцаж байгаа. Хуулиар ногдсон энэ эрх, үүргийнхээ хүрээнд саяхан тендер зарлаж, цаашид тус газрын цэвэрлэгээ, арчилгааг хариуцах компанийг тодруулсан. Тэд хог хаягдал цэвэрлэхээс эхлээд тухайн хэсэг дэх эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг хариуцна. Бохирын шугамд холбоогүй учраас ариун цэврийн байгууламжийг нь одоохондоо ашиглалтад оруулах боломжгүй” гэв.
Нэгэн үед “Туул голын эргийг тохижуулж, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчныг иргэддээ бүрдүүлнэ” гэж байсан нийслэлийнхэн одоо ийнхүү нүүр буруулж байна. Ариун цэврийн байгууламжийн асуудал сөхмөгц “Ашиглалтад бүрэн оруулаагүй, албан ёсоор хүлээлгэж өгөөгүй” хэмээн өөрсдөөсөө зайлуулах гэж оролдов. Гэтэл тус бүсэд худалдаа наймаа эрхлэгчдэд дүүргээс нь зөвшөөрөл олгочихсон. Мөн олон нийтийн арга хэмжээ ч зохион байгуулж эхлээд буй. Өнгөрсөн бямба гарагт гэхэд нийслэлийн ЗДТГ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв зэрэг байгууллагынхан хамтран “Youth for water festival” хэмээх олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан. Энэ үеэр зөөврийн ариун цэврийн байгууламж авчирч, түр ашигласан юм билээ. Ариун цэврийн байгууламжгүй амралт, зугаалгын бүс гэж юу байх вэ. Цаашид ийм байдлаар аргацаавал тухайн газарт ямар нэгэн үйл ажиллагаа болсон үед л бие засах боломж бүрдэх нь.