Ази, Номхон далайн математикийн олимпиад (APMO 2026)-д монгол сурагчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медалийн болзол хангаж, бахархам амжилт үзүүллээ. Эл олимпиадыг өнгөрсөн гуравдугаар сард нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд зохион байгуулж, үүнээс гурван сарын дараа олон улсын шүүгчид дүнгээ нэгтгэн, уржигдар танилцуулсан байна. Олимпиадын бодолтын МУИС-ийн Математикийн тэнхимийн дэд профессор, доктор У.Батзориг зассан бөгөөд үүнийг нь олон улсын шүүгчид хянаж, эцэслэн баталсны дараа нийтэд танилцуулдаг аж.
АРМО-ын онцлог нь оюун ухаанаа уралдуулж, хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдэд биет медаль гардуулдаггүй бөгөөд албан ёсны цахим сайтдаа онооны эрэмбээр жагсаадаг байна. Энэ жилийн олимпиадад 45 улс оролцсоноос 43 нь албан ёсоор, хоёр нь ажиглагчаар ажиллажээ. Нийт 417 сурагч бүртгүүлснээс 319 нь оролцсон байна. Манай улсаас 24 оноогоор С.Манлай алт, 21 оноогоор Ч.Чингүн, 18 оноогоор Д.Хүслэн мөнгөн медаль хүртсэн юм. Мөн Ч.Төрболд, М.Амин-Эрдэнэ, Э.Хангарьд нар хүрэл медалийн эзэн болсон бол тусгай байрт дөрвөн хүүхэд шалгарчээ.
Хүүхдүүдийн дундаж оноо 13.5-тай байна. Тухайлбал, 22 ба түүнээс дээш оноотой тохиолдолд алтан медалийн болзол хангаж буй бол 17 ба түүнээс дээш оноотой нь мөнгө, 11 ба түүнээс дээш оноо авч чадвал хүрэл медальд хүрэх болзол хангах юм. Нийт дүнгээр 19 алт, 41 мөнгө, 106 хүрэл медалийн эзэн тодорсон байна. Эл олимпиад нь чансаагаараа Олон улсын математикийн олимпиадын дараа бичигддэг юм. БНХАУ-ын Шанхай хотод Олон улсын математикийн олимпиад ирэх долоодугаар сард болно.
Ч.Цэлмэг