Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн албан тушаалтан нь өөрийнх нь талаар мэдээ, нийтлэл бэлтгэсэн Зөв.мн сайтыг "Өөрийнх нь зургийг ашиглалаа" гэх үндэслэлээр гомдол гаргаж, 20 сая төгрөгөөр торгуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЭҮК-ын дарга зэрэг албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж буй.
Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал цахим хуудаснаа "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн албан тушаалтны зургийг нийтлэлдээ ашигласныг Хүний Эрхийн Үндэсний Комисс “Биометрик мэдээлэл” гэж мушгин гуйвуулж, улмаар 20 сая төгрөгөөр торгосон нь мэдэх эрх, үг хэлэх эрх чөлөөнд халдсан бусармаг үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлье.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, сэтгүүлчдийн шаардлага, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж буй иргэдийн дуу хоолойтой бүрэн дүүрэн санал нэгтэй байна.
Хүний Эрхийн Үндэсний Комисс хүний эрхийг хамгаалах бус хүний үндсэн эрхэнд халдсан үйлдэл гаргасныг эрс буруушааж байна.
Хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход Хувь хүний мэдээлэл задруулах, хамгаалахтай холбоотой Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн асуудлыг өөрчлөн шинэчлэх шаардлагатай.
Хувь хүний мэдээлэл хамгаалах хууль нь ойлгомжгүй, хууль сахиулагч өөрийн үзэмжээр тайлбарлах боломжтой хуулийн хийдэл юм.
Хууль хүн бүрд тэгш шударга үйлчлэх ёстой. Түүнээс бус аль нэг талд давуу байдал олгодог, зохицуулахаас илүү үл ойлголцол, элдэв хүндрэл үүсгэдэг хуулийн хийдлийг засаж залруулах болно.
Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн асуудал биш иргэн нь мэдэх эрхтэй эрүүл нээлттэй нийгмийн үндэс юм.
Ардчилсан, эрх чөлөөт нийгмийн үнэт зүйл болсон хэвлэн нийтлэх, иргэний мэдэх эрхэнд халдсан нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, ажил үүргээс нь чөлөөлөх болно.
Чөлөөлье бодлого хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газар иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан аливаа үйлдэлтэй үл эвлэрэн, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг тууштай хамгаалж ажиллана" гэлээ.