Нийслэлийн АН-ын хорооны удирдлагууд болон УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар өчигдөр тус намын “4-11” цагаар мэдээлэл хийв. Тэд Улаанбаатар хотод нүүрлэсэн хулгай, авлигын асуудалтай тэмцэх Бодлогын зөвлөл байгуулснаа зарласан юм. Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир “Автомашины татварыг гурав, авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмсэн ч замаа өргөтгөсөнгүй, зассангүй. Тэгвэл энэ зөрүү мөнгийг хулгайлж байна. Авлигын индексээр манай улс улам бүр ухарч буй. Хоёр жилд гурван Засгийн газар солигдлоо. Эрх баригчид авлига, хулгайн мөнгөө хэн нь авах, хонгилыг хэрхэн удирдах вэ гэдгийн төлөө л тэмцэж байна. УИХ-аар өдөр тутмад хөгжил, шийдэл биш, хулгай л ярьдаг болсон. Тэдний хулгай сүүлдээ соёл болох нь. Хотод гарсан олон хулгайг бид мартах ёсгүй. Энэ бүхэнтэй тэмцэж чадах улс төрийн ганц хүчин нь АН. Тиймээс бид дүүрэг бүрийн төлөөлөл орсон Бодлогын зөвлөл байгуулсан, энэ бүхний эсрэг иргэн бүр хамтарч тэмцэхийг уриалж байна” гэв. МАН-ынхан сүүлийн 10 жил бүх шатанд эрх барьж буй атлаа нийслэлийн иргэдийн тав тухтай амьдрах нөхцөл бүрдүүлж чадаагүй, татвар нэмэхгүй гэж сонгуулиар амладаг ч бодит байдалд хэлсэндээ хүрдэггүй гэдгийг тэд хэлэв.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Туулын хурдны зам” төслийн асуудлаар хотын өмнөх удирдлагуудыг хуулийн байгууллага шалгаж байна. Гэхдээ тэр хүмүүс албан тушаалын хариуцлага хүлээгээд асуудал дуусах ёсгүй. Хэний зөвшөөрлөөр, Хятадын компанид 500 тэрбум төгрөг шилжүүлсэн гэрээг ил болгохыг манай нам шаардсан. Гэвч өнөөдрийг хүртэл ил болгосонгүй. Хотын шинэ дарга үүнд хамтран ажиллаасай гэж хүсэж байна. Мөн Улаанбаатарт тулгамдсан хоёр гол асуудал нь утаа, түгжрэл. Утааны асуудлыг шийдэх сонирхол МАН-ынханд алга. Тэд өнгөрсөн онд 300 тэрбум төгрөгөөр Хятадаас сайжруулсан түлш авсан. Ирэх онд ч энэ аргаа хэрэглэх нь. Гэтэл манай улс нүүрсний хангалттай нөөцтэй. “Тавантолгой түлш” компанид үүссэн асуудлаас харахад тэд утааг бизнес болгож байна” гэсэн юм.